Английн алдарт “Queen” хамтлаг болоод гоцлол дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино “Box office”-ийг өнгөрсөн долоо хоногоос тэргүүлж эхэллээ. Уг киног өнгөрсөн аравдугаар сарын 24-нд нээсэн юм.
Тус кино нь Хойд Америкийн зах зээлээс нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 50 сая ам.доллар, дэлхий даяар нийт 141,7 сая ам.долларын ашиг олоод байгаагаараа ойролцоо цаг хугацаанд нээлтээ хийсэн “Цөмөөхэй ба дөрвөн хаант улс”, “Хэн ч тэнэг биш” зэрэг кинонуудыг ардаа орхиод байна. “ХХ зуун” кино компани уг киног бүтээхэд нийт 52 сая ам.долларыг зарцуулжээ.
“Queen” хамтлаг нь 1970-аад оноос хойш дэлхийн рок, попын ертөнцийг шуугиулж байсан билээ. Тэдний хит болсон дуугаар нэрлэгдсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүр болох дуучин Фредди Меркуригийн дүрд жүжигчин Рами Малек тоглосон байна.
Дуу хөгжийн салбарынхны тухай намтарчилсан киноны төрөлд тус кино нь 2015 онд бүтээгдэж байсан Америкийн N.W.A хэмээх хип хоп хамтлагийн тухай “Straight Outta Compton” киноны араас бичигдэж байгаа юм. Тус кино нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56 сая ам.долларын ашиг олж байжээ.
Өнгөрсөн сард Box Office-ийг дуучин Лэди Гага, жүжигчин Брэдлэй Күүпэр нарын тоглосон “Од төрсөн нь” , “Хилэн”, аймшгийн төрлийн “Сүнсний баяр” зэрэг кинонууд тэргүүлсэн юм.
Эх сурвалж: CNN