Монголын залуучуудын холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшн хамтран Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг 2” хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог, үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх Акапела төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн зорилго нь орчин үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан урлагийн зах зээлд хамгийн бага өртгөөр үндэс суурь нь тавигдаж хөгжлийнхөө явцад өөрийн үйл ажиллагаа, олон нийтийн дунд олох нэр хүнд, олон улсын түвшинд эзлэх байр сууриараа улам өргөжин тэлж залуу үеийнхний оюунд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж байх мэргэжлийн урлагын байгууллагын эх үүсвэрийг ажээ. Энэхүү төсөл нь хэрэгжсэнээр найрал дуу буюу олон хоолойгоор дуулах урлаг нь залуусын оюуныг төлөвшүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, спиртлэг бус оюунлаг байх,зорилгодоо тууштай хүрдэг болох, дэлхийн урлагийн гайхамшигт нандин өвийг мэдрэх, нэгдэн нийлж хамт олон болох, багаар ажиллах чадварыг эзэмших, хамгийн гол нь оюуны баясал,сэтгэлийн ариуслыг бий болгох ач холбогдолтой үндэсний оюуны урт хугацааны хөрөнгө оруулалт болж байгаа юм байна.
Уг төслийн хүрээнд урлагийн их дээд сургуулиудаас авьяаслаг залуусыг сонгон шалгаруулан найрал дууны хамтлаг байгуулах аж. Найрал дууны хамтлагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 13-ны хооронд Монгол улсад бүртгэлтэй урлагийн сургуулиудын оюутнууд дунд болох нь ээ.
Э.ТЭКҮ