Шатахууны үнийг /өсөлтийг гээгүй шүү/ эсэргүүцсэн тав хоногийн жагсаал өнөөдрөөс эхэллээ.
Хэдийгээр энэ талаар урьд нь дуулдаж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны нефть болон нефтийн бүтээгдэхүүний импортод урьд нь тавьсан хоригоо сунгасантай “зэрэгцүүлсэн” нь сонирхолтой. Урьд нь буюу 2015 оны арваннэгдүгээр сард Ираны эдийн засагт олон улсын хориг тавьсан үед тухайн үеийн Газрын тосны сайд нь “Хориг цуцлагдмагц газрын тосны экспортоо өдөрт 500 мянган баррелиар нэмэгдүүлнэ. Иран улс газрын тосны экспортоо нэмэгдүүлэх эсэхэд хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй. Гэхдээ энэ шийдвэрээ нефть экспортлогч орнуудын байгууллагад мэдээлнэ” хэмээн мэдэгдэж байв.
Тэр үед ч, одоо ч Саудын Араб, БНХАУ, Европын холбоо зэрэг олон оронд Трампын хоригийг буруутгасаар. Харин Монголд юуны учир шатахууны үнэ өндөр байна шүү дээ гэж Төрийн ордноо гороолж эсэргүүцэх гэж байгаа нь, ямар үр дүнд хүрэх нь ойлгомжгүй байна.
Шатахууны үнийн өсөлт санаа зовоосон асуудал мөн үү гэвэл мөн. Төр үүний эсрэг юу ч хийж чадахгүй байна уу гэвэл арай өрөөсгөл болно. Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ “Нэг баррель түүхий нефтийн үнэ буурсаар байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөнгүүт нь сандарч ямар нэгэн арга хэмжээ авмааргүй байна. Сүүлийн үед тасралтгүй буурч байна. Цаашид шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Өмнө нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд өчнөөн их наяд төгрөг тараасан. Энэ ажлыг дахиад хий гэж хэлж байна уу гэдэг нь асуудал юм. Зах зээл дэх үнийн өсөлтийн шокийг хамгийн сайн шингээдэг зүйл бол зарчим. Зах зээлийн зарчмаар л явах асуудал. Явах ёстой гээд зүгээр суулгүй татварыг нь тэглэсэн" гэж хэлсэн юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн компанийн нөөц бүрдүүлэх 26 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралтаар баталлаа. Энэ дагуу ирэх жил аж ахуйн нэгжүүд 116 тонн шатахууны нөөц бүрдүүлнэ. Өнгөрсөн онд нэр бүхий 21 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 94700 тонноос доошгүй хэмжээнд байлгаж, тогтвортой хангасан. Хөрөнгийг нь шийдсэн тохиолдолд улсын нөөцөд 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн авах боломжтой” хэмээн мэдэгдээд байна.
“Шатахууны үнэ таалагдахгүй байна” гэсэн утгатай, Төрийн ордныхонд түгжрэлээс сануулга өгөх арга хэр оновчтой юм бол.
Өнгөрсөн зун Гаитигийн томоохон хотуудад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн, олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар CNN агентлаг мэдээлж байв. Харамсалтай нь, тус улсын нийслэл Порт-о-Принс хотноо болсон эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч, цагдаагийнхан болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүсчээ. Жагсагчид замдаа таарсан дэлгүүрийг тонон дээрэмдэхээс гадна, хэд хэдэн автомашиныг шатаасан гэнэ.Шалтгаан нь бензин 38 хувь, дизель түлшний үнэ 47 хувиар өссөн нь иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн явдал байдаг. Гэтэл манайд ид өсөлтийнх нь үед зөвхөн сошиалаар бухимдлаа илэрхийлээд, тогтворжих үед нь нэг л өглөө ийм зар тарааж байх жишээтэй. Тухайн үед АНУ-аас Гаитид суугаа Элчин сайд нь уг жагсаалын талаарх мэдээллийг твиттер хуудсаараа тарааж, улмаар тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг хэсэг хугацаанд аюулгүй газар байршихыг анхааруулсан байдаг. Мөн үр дүнд нь Гаитигийн Ерөнхий сайд шатахууны үнийг хэсэг хугацаанд өсгөхгүй гэдгээ амлаж, жагсаал зохион байгуулагчидтай түр эвлэрсэн аж.
Үүнтэй холбоотой бас нэг жишээ нь 2015 оны гуравдугаар сарын 10-нд ОХУ-ын Эрхүү хотын загвар өмсөгч Лиана Клевцова бүсгүй бараа бүтээгдэхүүний үнэ ялангуяа шатахууны үнэ өсч буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нүцгэлсэн зургаа интернет сүлжээгээр цацжээ. Тэрбээр эхний эсэргүүцлээ шинэ жилийн өмнө илэрхийлж Хадгаламжийн банкны Байгалийн салбарын албан байрны дэргэд олны өмнө нүцгэлж илэрхийлсэн байдаг. Тэрбээр интернетэд байрлуулсан зургуудынхаа дор “Бензиний үнэ, нүцгэлэлт өслөө” гэж бичжээ. Түүний энэ арга үр дүнд хүрээгүй гэдэг.
Энэтхэгийн Дели хотноо 2011 оны тавдугаар сард шатахууны үнийн өсөлтийг илэрхийлсэн эсэргүүцлийн жагсаалыг сөрөг хүчний Бхаратия Жаната намаас нь зохион байгуулсан. Тэд Засгийн газраасаа шатахууны үнийн хөөрөгдөлтийг тогтоон барих арга хэмжээ авахыг шаардаж хотын төв замыг хааж түгжрэл үүсгэх аргыг сонгож байв. Засгийн газар “үнэ хөөрөгдөхгүй байхыг шаардах”-аас өөр юу ч хийж чадахгүй байсан юм.
Мөн Мексикт 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулах үеэр олон хүн гэмтэж бэртсэн талаар дэлхий нийтээр мэдээлж байв. Энэ үед Мексикийн Иксмикильпан хотын иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, Мехико-Ларедо хурдны авто замын хөдөлгөөнийг хаажээ. Цугласан олныг тараах гэсэн цагдаа нарын өөдөөс жагсагчид эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн хоёр албан хаагчийг барьцаалж, хууль сахиулагчид нь нулимс асгаруулагч хий цацаж, агаарт хий буудсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Гэхдээ үүнд Мексик улсын Засгийн газар “буруу” ч бас байсан. Учир нь, 2018 оны эхний өдрөөс түлш шатахууны үнийг 20 хувиар нэмэх шийдвэрийг шинэ оны өмнөхөн буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргасан. Үр дүнд нь эсэргүүцлийн жагсаал долоо хоног үргэлжилж, цагдаагийн албан хаагч амь насаа алдаж, нийслэл болон нэр бүхий мужийн нийт 370 гаруй дэлгүүр, мухлагийг тоножээ.
Харин Монголд энэ оны нэгдүгээр сарын 23-ны шөнийн 22.00 цагийн орчимд "Скай" их дэлгүүрийн зогсоол дээр цугласан бөгөөд цуваа үүсгэн аваарын гэрлээ асаан явж Төрийн ордныг нэг удаа тойрсноор эсэргүүцлийн арга хэмжээ болж өнгөрсөн. Тэр үед эсэргүүцэгчид “Олон жолоочоор хүрээгээ тэлнэ, ажил эхлэх цагаар Төрийн ордныг бүслэн нэг цагийн турш зогсч түгжрэл үүсгэх замаар эсэргүүцлээ илэрхийлнэ”гэдгээ хэлж байсан юм.
Шатахууны үнийн огцом өсөлтийг эсэргүүцэх ганц арга нь нөөцлөх явдал. Нөөцийн менежментийн үеэр үнийг тогтворжуулж болоод байсан тэр механизмыг эдүгээ эрс буруутгаж, улстөржүүлж, хууль хяналтын байгууллагад хүртэл уг бодлогыг хэрэгжүүлэгчдийг шалгуулсан. Тухайн үед огцом шоконд орохгүйгээр нөөцөөрөө эрсдэлийг давж чадсан үр дүнг нь олон нийт хүртсэн ч эдүгээ тэдэнд хэдэн хүн хохирч, хожсон нь огт хамаагүй бололтой. Тиймээс ч Трампын хоригийг Сүхбаатарын талбайд эсэргүүцэж байна гэсэн гайхамшигтай мэдээгээр дэлхий нийтэд мэндчилэх бололтой.
Дашрамд дурдахад эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Төрийн Департаментын энэ сарын 2-нд гаргасан мэдэгдэлд “Ираны эрчим хүч болон банкны салбарт тавих хоригоо дахин эхлүүлнэ” гэжээ. Ингэхдээ “Энэ бол 2018 оны тавдугаар сард АНУ, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээнээс гарсны дараа Иранд чиглүүлэн авч буй хоёр дахь ээлжийн хориг бөгөөд эдгээр хориг арга хэмжээ эхэлснээр АНУ Иранд тавьсан өмнөх бүх хориг сэргэсэн гэж хэлж болно” хэмээжээ. АНУ-ын Сангийн сайд Стивен Тернер Мнучин мөн өдөр хэвлэлд хандан хэлэхдээ, энэ сарын 5-ны өдрөөс Ираны 700 гаруй иргэн, байгууллага нэгжид хориг тавьж эхэлнэ. Үүнд Ираны цөмийн хэлэлцээрээс болж цуцлагдаад байсан хувь хүн, байгууллага нэгж хамрагдах бөгөөд шинээр 300 гаруй этгээдийг хамруулсан. Олон Улсын Банк Хоорондын Санхүүгийн цахилгаан холбооны нийгэмлэг /SWIFT/ хоригт хамрагдсан этгээдэд үйлчилгээ үзүүлэхгүй байхыг анхааруулжээ. Эндээс харахад дараагийн удаад Ираны банкны салбарт Трамп хориг тавьчихлаа гээд банкинд зээлтэй хүмүүс “банкны зээлийн хүүг” эсэргүүцэн жагсвал гайхах хэрэггүй бололтой. Жагсахад учир бий.
Холбоотой мэдээ