Төсөв нь танагдсан урлагийнхан

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Төсөв нь танагдсан урлагийнхан

Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ээс эхэлсэн. Эл хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол уран бүтээлийг радио, телевиз, кино урлаг, цахим орчинд нэмэгдүүлэх зарчмаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршиж байв.

“Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хүрээнд телевиз радио, кино, цахим орчин дахь үндэсний мэргэжлийн уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх юм байна. Хэдийгээр соёл урлагийн салбарыг идэвхжүүлэх журмаар 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч Засгийн газраас таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар баталжээ. Тиймээс нэг бүтээлийг бүрэн санхүүжүүлж чадахгүй зөвхөн тодорхой хэмжээнд мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ц.Оюунгэрэл сайд мэдээлэл хийх үедээ хэлж байсан юм. Мөн ”Монгол уран бүтээл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах комис томилогдон ажиллах бөгөөд гишүүдийн хувьд нууцлалтай байсан билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдийн ирүүлэх төслийг 2014 оны арваннэгдүгээр сарын 24-өөс эхлэн авч эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 26-ныг дуустал Соёлын төв өргөөний 1010 тоот өрөөнд хүлээн авч байсан. Уг төсөлд оролцох хүсэлтэй уран бүтээлчид www.mcst.gov.mn сайтанд байрлах мэдээллээс дэлгэрэнгүй мэдээллээ авах бөгөөд тавдугаар бүлгийн 5.1.4 хүртэлх заалтуудтай танилцсаны үндсэн дээр аль хэсэгт багтах бүтээлийн төсөл явуулж байгаагаа хавсаргаж өгөх шаардлагатай гэж зааж өгсөн.

Хэрэв төслийн шалгаруулалт 14-21 хоногийн дотор явагдаж дуусвал 2015 оны гуравдугаар сард батлагдаж, дөрөвдүгээр сараас санхүүжилт нь батлагдсан бүтээлүүдийн төсөл хэрэгжиж эхлэх боломжтойг ч “Монгол уран бүтээл” төслийн хариуцагчид буюу хуучин ССАЖЯ-ны удидлагууд мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл энэ төсөл аль хэдийн замхарч эхлэв бололтой. Учир нь Боловсролын яамтай Урлагийн салбарын яам нэгдсэнээр хуучин удирдлагууд халаагаа тавьж өгсөн учир хэрэгжүүлж байсан төслийг нь хүртэл цуцалсан гэнэ.

Харин энэ талаар албаны хүнтэй холбогдож лавлахад “Улс мөнгөгүй байгаа учраас таван тэрбумын төсвийг түтгэлзүүлсэн гэж сонссон” гэсэн юм.  Аливаа хүчирхэг гүрнүүдийн урлагийн салбар хамгийн өндөр хөгжил дагуулдаг гэдгийг бид мэднэ. АНУ-ыг бид Бродвей театр, Холливуд гэдгээр нь маш сайн мэднэ. Өдгөө Холливуд гэх нэршил дэлхийн өнцөг булан бүрт АНУ-ын лого болж яваа. Ямар ч хүн кино урлагийн салбарыг АНУ-аар л төсөөлдөг нь нууц биш. Тэр ч утгаараа асар өндөр ашгийг өөрийн улсын эдийн засгийн эргэлтэнд оруулдаг нь ойлгомжтой. Сонгодог урлаг ч мөн ялгаагүй ОХУ, Франц, Испани, Итали зэрэг урлагаар амьсгалдаг улсуудыг бид мэднэ. Хүчтэй хөгжилтэй орон бүрийн урлагийн салбар маш өндөр хөгжлийг өөрийн орондоо авчирсан байдаг. Тэр битгий хэл Англи, Испани зэрэг орнуудын удирдагчид өөрсдийн ивээлдээ авч театр, дуурийн дуучид сонгодог урлагийг дэмжих сан хүртэл байдаг бөгөөд тусдаа төсвөөр санхүүждэг.

Харин манай оронд урлагийн салбар нь улсын нэрэнд багтсан төсвийн цалинтай ажилчид, кино урлаг нь чөлөөт уран бүтээлчдийн хувь нэмрээр л шүүмж, магтаал дагуулсаар өнөөг хүрсэн. Кино уран бүтээлчдийн тухай хуулийг боловсруулж байгаа гэх мэдээллийг өмнө нь ССАЖЯ-аас хэлж байсан ч одоо мөн л татан буугдсан учраас сураггүй.

Энэ талаар хуучин ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан З.Баянзултай холбогдож тодруулсан юм.

-“Монгол урлагийн бүтээл” төслийг зогсоосон гэж үнэн үү?

-Тийм гэж сонссон. Гэхдээ одоогоор би ажиллахгүй байгаа болохоор мэдэхгүй байна.

-Киночдын тухай хууль шийдэгдсэн юм болов уу?

-Би ажиллахгүй байгаа учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ зогссон гэж сонссон.

-Таны ажлыг хэн хүлээж авсан бэ, яагаад ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон бэ?

-Намайг халчихсан. Тэгээд Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс ажилд нь буцааж ав гэсэн шийдвэр гарсан байгаа ч одоогоор ажилдаа буцаж ороогүй л байна.

-Таны оронд ямар хүн томилогдсон бэ. Мэдээж урлагийн салбарын хүн байх?

-Д.Гантөмөр гэдэг хүн томилогдсон байгаа. Эдийн засагч бил үү, аялал жуулчлалын салбарын хүн гэж сонссон.

Ингээд бид шинэ Соёл, урлагийн салбар хариуцсан дарга Д.Гантөмөр гэдэг хүнтэй холбогдсон юм. Харин тэрээр хуралтай байгаа тул ярих боломжгүй, эргээд хариу өгье гэсэн хариулт өглөө.

Харин БСШУ-ны яамны мэргэжилтэн Д.Соёлмаатай холбогдож асуултандаа хариулт авсан юм.

Тэрээр “Монгол уран бүтээл төсөлтэй холбоотой санхүүжилт аль арванхоёрдугаар сард алга болчихсон. Улс буцаагаад татчихсан байгаа” хэмээв.

Манайх шиг эдийн засгийн хямрал болохоор л урлагийн салбараасаа таналт хийдэг ямар ч улс үндэстэн гэж байхгүй биз ээ. Саяхныг хүртэл урлагийн салбарынхан жагсаал хийсний үндсэн дээр цалингаа нэмүүлсэн. Жагсаал хийх шалтгаан нь урлагийн салбарын сайд нь нийт төсвийн ажилчдын цалин нэмэх хуралд хүн явуулаагүй, хайхрамжгүй хандсан гэдэг. Ер нь Урлагийн салбарт тусдаа дан яам хэрэгтэй гэдгийг бүх л урлагийн салбарын уран бүтээлчид хэлдэг. Гэвч өнөөг хүртэл урлаг ойлгодог, мэддэг хүн урлагтай холбоотой яамны удирдлагаар сонгогдож байсан удаагүй. Энэ удаад ч мөн урлагийн салбарыг “дайвар бүтээгдэхүүн” болгож орхив.

Гэтэл урлагийн салбар зогсонги байна уу гэвэл үгүй. Хэдийгээр хангалтай санхүүгийн бололцоогүй ч Драмын театр гэхэд өөрсдийн хуучин жүжгүүдээ ар араас нь тоглосоор, Дуурийн театрын уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээ сонгодог урлаг сонирхогчдод хүргэсэн хэвээр. Улсын филармони ч мөн шинэ төсөл хэрэгжүүлж үзэгчдэд олон бүтээлээ толилуулсаар байгаа. Гэтэл тэдний тоглолтын орлого улсад очсоор байгаа шүү дээ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж