Гантиглаж "гангарсны" гай

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Гантиглаж "гангарсны" гай

Нийслэлчүүд зуны улиралд уртын харайлтаар, өвөлд нь уран гулгалтаар хичээллээд бараг л мэргэжлийн тамирчид болцгоосон.

Унахдаа унаж, бэртэхдээ бэртсээр хандах газаргүйгээс эд хөрөнгө эрүүл мэндээрээ өдөр бүр хохирсоор байна.

Өнгөрсөн оны өдийд өдөрт дунджаар 200-аад хүн замын халтиргаа гулгаанаас үүдэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хандан эмчлүүлж байсан бол энэ жил харьцангуй дулаахан байснаас дээрх тоо буурсан байна.

Энэ удаад гэмтэж бэртсэн иргэдийн талаар бус хотын төв гудамжаар алхах хүмүүс хөлд орж байгаа хүүхэд адил тэнцэж ядан, арайхийж алхаж, улмаар халтирч гэмтэж байгаагийн томоохон шалтгааныг тодруулахаар шийдлээ.

Засгийн газрын 11-11 төв, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д иргэдээс ирж байгаа санал, гомдлын дийлэнх хувийг гялтганасан гантиган боржин чулуун явган хүний замтай холбоотой мэдээлэл эзэлж байгаа гэнэ.

Хотын төвийн явган хүний замыг хуу татан хаяж энэхүү ганган гантигийг суулгаснаар бэртэж гэмтэх иргэдийн тоо өсөх гол шалтгаан болсон байна. “Хүнсний 1”-ээс Гэсэр сүмийн уулзвар, Төрийн ордны ойролцоох замууд, Багшийн дээд, Оюутны гудамж гээд л хотын төвийн замуудыг тэр чигт нь “гантиглачихсан”.

Тэр бүү хэл Чингисийн талбайгаа битүү гантигласнаас болж талбайг туулж өнгөрөхөд багагүй анхаарал, цаг, болгоомж шаарддаг гэдгийг уншигч та ч андахгүй бизээ.

Энэхүү боржин зам нь цас байтугай жаахан хялмаа хаях төдийд л мөсөн коток болж хувирах гачлантай. Замын голын хэсэг буюу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг хамгийн их халтиргаатай хэсэг гэдгийг хэн хүнгүй л мэдэх тул тэр хэсгээс холуур алхана.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганбаяр “Өмнөх зам нь хамаагүй дээр байсан юм. Одоо энэ зам бол халтирдаггүй гуталтай алхахад хүртэл хэцүүхэн л зам. Унаж, ойчиж байгаа хүн ч цөөнгүй л харагдаж байна” гэсэн юм.

Явган хүний зам дээр зулхай наана

Дулаан уур амьсгалтай орнуудад л хэрэглэдэг, метр квадратын өртөг нь өмнөх замаасаа харьцангуй өндөр /метр квадрат нь 18 мянган төгрөг/ гэгдэг энэхүү боржин чулууны ашиг тусыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн инженер н.Батболдоос тодруулахад “Энэхүү явган хүний замтай холбоотой гомдол цөөнгүй ирж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр яг гол хэсэгт нь зулхай наах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө зарж суулгасан энэхүү явган хүний зам нь чанарын шаардлага хангахгүй, тохирохгүй нь мэдэгдмэгц ийнхүү зулхай наахаар болж. Хотын төвийн явган хүний замууддаа зулхай наачихсан байна гэхээр өнгө үзэмжгүй, арай ядсан сонголт болох нь гэх иргэд ч цөөнгүй байна.

Эдийн засаг хямарсан, хэмнэлтийн горимд шилжсэн гэх энэ үед ганган гантиган зам дээрээ зулхай наах зардалд багагүй мөнгө төсөвлөгдөх нь болов уу.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж