МАН төсөвт тавих Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж “авна”

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

МАН төсөвт тавих Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж “авна”

МАН төсөвт тавих Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж “авна”

-Албан бус мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногт 2019 оны төсөвт хориг тавина гэсэн мэдээлэл байна-

Төсвийн хуульдаа баригдаж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор 2019 оны төсвөө батлуулсан МАН-ын бүлгийн гавьяанд Ерөнхийлөгч “тушаа” тавих нь. 65-ын бүлгийнхэн энэ жилийн төсвийг “боломжийн” төсөв гэж баталсан. Жил бүрийн төсөв батлах үеэр яригддаг “миний, чиний тойрогт хөрөнгө оруулалт алга хэмээх” шүүмжлэл төсвийн анхны хэлэлцүүлгээс л эхэлсэн. Энэ зуур Монгол Улсын Ерөнхийлөгч чуулган, МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, “Энэ төсвөө эргүүлэн татах,  зарим хөрөнгө оруулалтуудаа танахгүй бол хориг тавина шүү” хэмээн хэлж байсан. 2019 оны төсвийг зарим гишүүд уншиж ч амжаагүй байхад баталчихлаа. Ингэхдээ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гаригт хийж баталсан юм. Учир нь Засгийн газар энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригуудыг бүх нийтийн амралтын өдөр болгон товлосон учраас ирэх жилийн төсвийг батлахаас өөр арга байгаагүй юм.

“УИХ 2018.11.02-ны өдөр 2019 оны төсөв болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хугацаанд нь батлав”

СОНГУУЛЬЖСАН ТӨСӨВ БУЮУ ОРЛОГО, ЗАРЛАГА НЬ НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 27.4 хувь, нийт зардал 11,5 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1,9 их наяд төгрөг буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд, өөрөөр хэлбэл ДНБ-ний 5.4 хувьтай тэнцүү байхаар тооцож баталжээ. Жил жилийн төсөв алдагдалтай батлагддаг нь бараг л уламжлал болж. Тэгвэл энэ жилийн төсвийн зарлага 11,5 их наяд. Зардал, алдагдал бага байх тусмаа төсөвт дарамт бага учрах, эдийн засагт тэр хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Гэвч сонгуулийн өмнөх жилийн төсөвт л тойргийн гишүүд бүхнээ “чихэж”, багтаах гэсэн хүслийн гор нь жилээс жилд өсөх төсвийн алдагдал, зарлага. Эдийн засагчдын зүгээс  сонгуулийн системээ өөрчилсний дараа бид алдагдалгүй төсөв баталдаг болно гэдгийг онцолдог. Гэвч одоогийн улс төрд голлох үүрэгтэй намууд болон  УИХ-ын гишүүдийн зүгээс өөрсдөдөө ашгитай гэж үзэж,  жижиг тойргоор сонгуулиа явуулах ёстой гэж сонгуулийн системдээ өөрчлөлт оруулдаггүй.

Энэ жилийн хувьд төсвийн орлогыг 9,6 их наядаар тооцсон. Зарим гишүүдийн зүгээс татварын шинэчлэлээ хийгээгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэт найдсан, өндөр орлогыг төлөвлөсөн байна гэж шүүмжилж байсан.  Уул уурхайн хамгийн гол бүтээгдэхүүн болох нүүрсийг 42 сая тонныг экспортолно гэж тооцсон нь ч хэтэрхий өөдрөг төсөөлөлттэй байна гэж шүүмжилж байсан. Гэвч Засгийн газрын зүгээс энэ бол маш бодитой төсөвлөсөн орлого гэж буй. Засгийн газрын зүгээс энэ бол маш бодитой төсөвлөсөн орлого гэж буй. Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын 42 сая тонн нүүрс борлуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ч хэлэлцүүлгийн үеэр дурдаж байсан юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ЖДҮХС-ИЙН 48 ТЭРБУМЫГ “ОНИЛНО”

Төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн хамгийн их шуугиан тарьсан нэг асуудал бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар нэг сайддаа хариуцлага тооцохоор болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан гишүүдийг мөнгөө эргүүлэн төлөхийг сануулсан.

“Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь гурван удаа төсөв, төсвийн тодотгол болон Сангийн сайдын томилгоонд хориг тавьж байсан ч УИХ хүлээж аваагүй юм”

Энэ асуудалтай зэрэгцэн 2019 оны төсөвт тусгагдсан 48 тэрбум төгрөгийг яах вэ гэх маргаан МАН, Засгийн газар дотор өрнөсөн. Ирэх жилийн төсвийг эргүүлэн задлах асуудал ч яригдсанаар эцэст нь 48 тэрбумыг хэвээр баталсан.  Нэгэнт сан нь өөрөө асуудал үүсгэсэн учраас нэмж мөнгө төсөвлөж байгаа нь шүүмжлэл дагуулж, Ерөнхийлөгч үүн дээр нь хориг тавих болов уу. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтуудыг 15 хувиар танах “анхааруулга” ч өгсөн.  Хэрэв энэ удаад Ерөнхийлөгч хориг тавибал түүний дөрөв дэхь хориг болох юм.  Гэхдээ МАН энэ удаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу. Нийгэмд бухимдал, шүүмжлэл дагуулсан ЖДҮХС-нд төсөвлөсөн 48 тэрбум болон зарим нэг зүйлст засвар хийхийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу гэсэн яриа улс төрийн хүрээндболон МАН-ын гишүүдийн дунд гарна лээ. Сангаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүддээ нам нь өөрсдөө хариуцлага тооцож, цаашид Засгийн газрын 12 сан шалгалтад оруулж, асуудалд өөрөөр хандаж байгаа ийм үед Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь оновчтой сонголт байхыг ч үгүйсгэхгүй юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж