Өсвөрийн даамчид ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Өсвөрийн даамчид ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэв

Монголын 24 даамчин ДАШТ-д өрсөлдсөнөөс хоёр тамирчин медальд хүрэв

Өсвөрийн даамчид ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэв

Беларусын Гомель хотод 100 буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болж өндөрдөрлөлөө. Тэмцээнд 15 орны 250 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид нас бүрийн ангилалд оролцож алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртэн багийн дүнгээр зургадугаар байрт шалгарлаа.

Монголын баг тамирчид тэмцээний үндсэн төрлөөс мөнгөн медаль хүртсэн бол блиц төрөл буюу түргэвчилсэн тоглолтоос нэг аваргатай болсон юм.

Тэмцээний үндсэн төрлийн охидын 8-10 насны ангилалд Б.Есүй найм дахь өргийн дараах байдлаар тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт Беларусын тамирчин Любойд харамсалтайгаар хожигдон шагналт IV байр эзлэв. Түүнээс гадна охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн өрөгт БНХАУ-ын тамирчинг хожсон бол хүрэл медальд хүрэх байв.

Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, шагналт тавдугаар байрыг эзэллээ.

Тэмцээний үндсэн төрлийн дүн есөн өргийн дараах дүн гарахад өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож, нийт 14 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковтай адилхан оноотой байсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдлээ. Энэ ангилалд нийт 30 тамирчин өрсөлджээ.

2018 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Б.Мишээл 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр энэ жил үндсэн төрөлд мөнгөн медалийн эзэн болсноор Монголын даамчдын амжилтыг үргэлжлүүлэв.

Блиц буюу түргэвчилсэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Б.Есүй түрүүлсэн юм. Тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг хожигдон нийт 15 оноогоор блицийн дэлхийн аварга боллоо. Б.Есүй спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг бөгөөд “Монгени” сургуулийн сурагч юм.

Беларуст болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ээс ОХУ таван алт, найман мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Беларус, Нидерланд, БНХАУ, Латвийн баг 2-5-р байрт бичигдлээ.

Монголын нийт 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөнөөс алт, мөнгө тус бүр нэгийг хүртэж, медаль хүртсэн орнуудаас Украйн, Эстони, Польшийн багийг ардаа орхин зургадугаар байрт бичигдлээ. Энэ удаагийн багийн ахлагчаар Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Манлай, ерөнхий дасгалжуулагчаар олон улсын их мастер Г.Ганжаргал, дасгалжуулагчаар спортын мастер Д.Чойжилсүрэн, Р.Нармандах нар ажилласан байна.

Холбоотой линк: https://gp.by

ДАШТ-ий мөнгөн медальт Б.Мишээл 

Блиц /түргэвчилсэн/ төрлийн дэлхийн аварга Б.Есүй

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж