“Санахын гэгээ”-тэй сайхан үдэш байлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

“Санахын гэгээ”-тэй сайхан үдэш байлаа

Монголын нэгэн алдартай хөгжмийн зохиолч “Хүчтэй чанга хоолойтой хүн дуучин болдоггүй юм. Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн гэдэг. Энэ тодорхойлолтын эзэн болох дуучин тун цөөхөн. Аялгуу, үгний тансаг зохицлыг сэтгэл зүрхээрээ мэдэрч дуулдаг тэр цөөхөн “ориг” дуучдын нэг бол Лосолын Болдбаатар гэх төрмөл авъяастай залуу билээ.

Дууг яаж ингэж хүний сэтгэлд хүргэж чаддаг юм бэ хэмээн өөрийн эрхгүй дуун алдмаар эвлэг намуухан хоолой нь хэдийнэ монгол түмний зүрх сэтгэлд хоногшчихсон. Жил бүрийн нэгдүгээр сард түүнийг хүлээдэг, тоглолтынх нь тов зарлагдахыг чих тавин сурагладаг үнэнч фэнүүд нь өнөө жил ч товлосон ёсоороо энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд цуглацгаалаа. Дуучныхаа шинэ уран бүтээлийг сонордож, бас дуулах дуртай дуунуудаа хамтдаа дуулах гэж ирсэн үзэгчид Монгол бөхийн өргөөний танхимд багтах зайгүй цугласан байсан юм.

Манайд замын түгжрэл, зарим нэг шалтгааны улмаас тоглолт хэзээ ч цагтаа эхэлдэггүй. Харин Л.Болдбаатарын “Түмэн жилдээ жаргалтай байг” тоглолт яг цагтаа буюу 19.00 цагтай уралдан эхэлсэн юм. Үзэгчид нь 18.40 гэхэд хэдийнэ суудлаа эзэлчихсэн, хэзээ хэзээний л энэ өдөр дуучныхаа тоглолтыг үзээд сурчихсан нь харагдаж байлаа. Тоглолтын хоёр дахь дуунаас эхлээд л танхим дүүрэн цугласан үзэгчид дуулсан дуу бүхнийг нь даган дуулж, үзэгчдийн зарим нь хайрын, харууслын, гуниг, баярын нулимс унагах аж.

“Холын тэнгэр аав минь” дуугаа хэзээ ч тоглолтдоо дуулж байгаагүй ч энэ өдөр дуулмаар санагдаад хэмээн доголон нулимстай дуулж, нэлээдгүй олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөж орхив. Ээжийн тухай дуунууд, элгэн нутгаа хайрласан олон сайхан дуугаа энэ өдөр монголчуудтайгаа хамтран дууллаа. Л.Болдбаатар бие даасан уран бүтээлийн тоглолтоо жил бүрийн нэгдүгээр сард сар шинийн өмнөхөн, төрсөн өдрөөрөө хийгээд 10 дахь жилтэйгээ золгож байгаа юм.

Тоглолтын тов зарлагдлаа л бол гэгэлзээд яг л сойсон морь шиг болчихдог юм хэмээн тэр инээмсэглэх. Тоглолт дууссаны дараа чи тэр дуугаа дуулсангүй, ийм сайхан дууг яагаад орхиж байгаа юм бэ гэсэн мессэж их ирдэг учраас энэ удаад та нараасаа санал авч дуулна аа хэмээн “Хар нүдэн бүсгүй”, “Холын тэнгэр аав”, “Санахын гэгээ” зэрэг сайхан дуунуудаа үзэгчдийн саналаар дууллаа. Дуучин маань өөрөө Увс нутгийнх.

Тиймдээ ч “Миний нутаг” дуугаа дуулсангүй гэх гомдол их ирдэг учраас өнөө жил хэрэг болгон нутгийнхаа тухай сайхан аялгууг тайзнаа эгшиглүүлэв. Дуучны анхны уран бүтээлүүдийн нэг болох “Дөрвөн настай халиун”-ыг үзэгчдийн суудлаас гарч ирсэн нэгэн залуутай хамтран дуулсан нь халуун алга ташилтаар мялаалгаж, С.Жавхлангаас дутахгүй, Л.Болдбаатартай “зиндаархан” дуулсан залуу монголчууд дууч ард түмэн шүү гэдгийг баталж орхив.

Энэ өдрийн тоглолт өмнөх жилүүдийнхээс илүү өвөрмөц онцлогтой болсон нь амьд хөгжмийн хамтлагтай ихэнх дуугаа дуулсан явдал. “Хар нүдэн бүсгүй”, “Үгүйлж явъя нэгийгээ”, “Сэм сэмхэн” зэрэг 10 гаруй дуугаа амьд хөгжим гитар, даралтат хөгжим, хийлийн тансаг аялгуутай үзэгчдэд хүргэсэн тэрбээр шинэ залуу уран бүтээлчдийг ч тоглолтдоо урилгаар оролцуулжээ. МУГЖ Н.Отгон “Төлийн дуу”, “Ботго” зэрэг 60, 70-аад оны дуунуудаараа дуучин дүүгийнхээ уран бүтээлийн цэнгүүнд мялаалга өргөсөн юм. Мөн жил бүрийнх нь төрсөн өдрийн тоглолтод ирж ая дуугаа өргөдөг Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, залуу дуучин О.Одончимэг “Бүсгүй заяа” дуугаараа ая дууны мэндчилгээ хүргэлээ.

Дуучин О.Одончимэг, Э.Чулуунчимэг, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, Н.Аясуу нар Л.Болдбаатарын таван дууг нийлүүлэн попури дуулж, төрсөн өдрийн бэлэг барилаа. Дуу бүрийг нь даган дуулсан, дууч ард түмэнтэйгээ хамт уйлж, догдолж, инээсэн энэ өдрийн тоглолтоос үзэгчид сэтгэлийн их цэнгэл эдэлж, сэтгэл ханамж 101 хувьтай гарсан юм. Санахгүй байхын аргагүй, сайхан ча­май­гаа аргадъя аа… хэмээн ам амандаа аялс­хийж, “Хар нүдэн бүсгүй байдаггүй юм билээ, Хилийн заставт” хэмээн наргилдсаар ирэх жил уулзахын болзоо тавин салцгаалаа.

Дуучин залуугийн хөөрхөн хүү аавдаа гэнэтийн бэлэг барьсанд догдолсон ээжүүд хүүгийнх нь хөөрхнийг өхөөрдөн эвийлж, Н.Отгон гавьяатыгаа тайзнаас харсан ахмадууд ануухан сайхнаараа байгааг нь ам амандаа шагширсаар тарж одоцгоосон юм. Гэвч ирэх жил тэд дахиад л энэ өдөр, энэ цагт эргээд уулзацгаадаг нь сайхан. Нэг л сайхан аялгуу, нэг л гэгэлгэн тийм гэж хэлэхийн аргагүй мэдрэмж өгөх эрхэм дуучны дуулсан дуу бүхэн нь үзэгчдийн зүрх сэтгэлд хүрдэг нь аргагүй юм. Цангааг минь тайлах нь цагаан сүүнээс өөр юу юм бэ хэмээн гэгэлзтэл аялж, таныхаа эзгүй хорвоотой эвлэрч тэрсэлж явна даа хэмээх сайхан үг аялгууг тархиараа, зүрхээрээ мэдэрч дуулдаг “ориг” дуучин маань олон сайхан уран бүтээлээрээ үзэгч, сонсогч түмнээ цэнгээж явах болтугай.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж