Согтууруулах ундааны хуулиар АН завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундааны хуулиар АН завсарлага авлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийг 2014 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Согтууруулах ундааны хяналтыг судалгаанд суурилсан, бодитой байдлаар хэрэгжүүлэх, татварыг нэмэгдүүлэх замаар сөрөг үр дагаварыг бууруулах, бодлого тодорхойлоход ашиг, сонирхлын зөрчилтэй этгээдийн нөлөөг оруулахгүй байх зэрэг согтууруулах ундааны хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зарчмыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна. Мөн Засгийн газар согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгодог байхаар тусгаж, эрх бүхий байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн төрөл тус бүрээр олгож, хугацаагаар сунгаж, эсхүл хүчингүй болгохоор заажээ.Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хавтгайруулан олгосон зөвшөөрлийг цэгцлэх, архины хэрэглээ, үйлдвэрлэлийг багасгах талаар түлхүү тусгагдсан байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна. Статистик дүнгээс үзэхэд манай улсад гарсан нийт гэмт хэргийн гуравны нэг хувь нь хүнд, хоёрны нэг хувь нь онц хүнд хэрэг, нийслэлд гарсан гэмт хэргийн 57, 7 хувийг согтуугаар үйлдсэн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурахтай шууд холбоотой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Гишүүдийн зүгээс сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатайг хэлж байсан юм. Нийгмийн сөрөг үзэгдэгдэлтэй шууд хатуу аргаар тэмцэх бус харин хууль зөрчсөн тохиолдолд өндөр хариуцлага хүлээлгэх замаар явах нь зөв гэсэн байр суурьнаас хандаж байв.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей “Хоёр хуулийн төслийн аль аль нь архины худалдаа, үйлдвэрлэл, жижиглэнгийн худалдаа, архины үйлчилгээ, хэрэглээ гээд бүх шатанд чангатгах чиглэлийн үзэл баримтлалаар орж ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Улсын Их Хурлын 76 гишүүн бүгдээрээ архины эсрэг, архидалтын эсрэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Гагцхүү энийг яаж хуулинд зөв оруулах асуудал хамгийн чухал асуудал. Архины эсрэг тэмцэнэ гээд архитай тэмцэх гээд байгаа хандлага буруу гэдэгтэй санал нэг байгаа. Архи худалдах тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт хийнэ, дуудлага худалдаагаар явуулна гэж байгаа нь зөв үү буруу гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах чиглэлийн асуудлыг эдийн засгийн хөшүүргээр зогсоох хэрэгтэй гэсэн саналтай байна. Харин шууд хориглох, хасах асуудлаар шийдэх нь үр дүнгээ өгөхгүй. Гэхдээ зарим заалтуудыг дэмжих бололцоотой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж