Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд дуулиангүй долоо хоног гэж байхаа больсон. Өнгөрч буй долоо хоногийн гол дуулиан нь амиа алдсан загвар өмсөгчийг тойрсон асуултууд болон ЖДҮ-г хөгжүүлсэн сангаас авсан эрх баригчдын зээлийн баримтууд байлаа. Мөн хэнд байгаа нь мэдэгдэхгүй, бүр хэзээ ч байхгүй байж болох “бичлэг”-ийн асуудалд ч олон нийтийн сүлжээнийхэн анхаарлаа хандуулав. Харин жирийн иргэдийн хувьд жирийн л нэгэн долоо хоног өнгөрч байна.
УЛС ТӨР:
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тойрсон дуулиан өндөр авч, МАН бүлэг болон Ерөнхий сайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг төрхөмд нь буцаах шийдвэр гаргасан юм. Үүний дагуу Б.Батзориг сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө Лхагва гаригт өглөө.
Тэрбээр хэвлэлийнхэнд хандаж, “Миний бие хариуцлага хүлээж, ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаасаа огцрох саналаа албан ёсоор гаргаж байна" гэсэн юм. Ийнхүү Ардын засаг байгуулагдаад жил гаруйхан хугацаа өнгөрч байхад, хоёр ч сайд нь албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад удаагүй байгаа ХХААХҮ-ийн сайдын оронд очих хүмүүсийн нэрс ч хэвлэлээр цацагдах болсон. Хэвлэлээр цацагдаж байгаа нэрсийг харахад Ардын Засгийн газар мөн л давхар дээлтэй сайдтай болох нь. Өөрөөр хэлбэл, Б.Батзориг сайдын оронд парламентын нэг гишүүн сайд болох нэрс дуулдаж байна.
ЭДИЙН ЗАСАГ:
УИХ-аар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Төсөв хэлэлцэхийн өмнө тойргийн мөнгөө голж суусан гишүүд төдийлөн олон юм хэлэлгүй кнопоо дарж орхив. Сангийн сайдын оруулж ирсэн өөдрөг төсөөлөл эдийн засагт бодитоор тусахгүй гэсэн шүүмжлэл ч гараад буй.
Сангийн яамнаас эхлээд ирэх оны төсвийн төслийг орлогыг 9.676.5 тэрбумаар, зарлагыг 11.589.8 тэрбумаар тооцож оруулж ирсэн. Харин УИХ-аас Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,353,673.5 сая төгрөгөөр баталлаа. Харин Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын (тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн) хэмжээг 9,406,581.7 сая төгрөгөөр батлав. Ирэх жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд бөгөөд үүнийг хаанаасаа цойлдохыг одоогоор таашгүй. Ямар ч байсан ЖДҮ-ийн зээлийн дуулианыг эцэслэтэл ажил хаялт зарласан АН-ыг улс төрийн акц явуулж байх хойгуур олонхын 42 гишүүний 38 хувь нь дэмжиж баталсан юм.
НИЙГЭМ:
Энгийн иргэд нь ипотекийн 8 хувийн зээл дээр амьдарч, арилжааны банкуудын хэрэглээний зээл нь жилийн бараг 24 хувь шахам үед томчууд нь гурван хувийн хүүтэй зээлээр бизнес эрхэлж байгаа нь олон хүнд шударга бус санагдах болсон. Дээр нь шатахууны үнэ бага багаар өдөр өдрөөс өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхний үнэ нэмэгдсэнд иргэд бухимдалтай байна. Энэ үед МАН-ын 2016 оны сонгуулийн өмнө өгсөн иргэдээ ядуурлаас аварна, төрийн дампуурлыг засна гэсэн “гоё” амлалтыг нь нэхэн сануулахад буруудах юун.
Б.БАТ