Лос Анжелес Лэйкерс багийн гол тоглогч Коби Брайнт энэ сарын 22-нд Нью-Орлэйн Паликанс багтай тоглож байгаад мөрөндөө гэмтэл авсан билээ. Тус багийн эмч Ломбардо мэс ажилбар хийлгэж магадгүй бөгөөд хэрэв мэс ажилбар хийлгэх болвол Коби Брайнтын хувьд энэ улиралд дахин тоглох боломжгүй болно.
Тэгвэл даваа гарагт Брайнтын бэртэлтэй мөрөнд дахин үзлэг хийхэд тааруу онош гарсан байна. Коби Брайнт баруун мөрний эргэлдэгч булчиндаа мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээхэд 4-6 сар шаарддаг байдаг аж. Брайнт нь лхагва гарагт мэс засалд орох бөгөөд түүний дараагаар эргэн ирэх товыг албан ёсоор зарлана.
Тэрбээр 2012-2013 оны улиралд шагай, 2013-2014 оны улиралд өвдөг, 2014-2015 оны улиралд мөрний гэмтлийн улмаас улирлуудыг дуусгаж чадаагүй байна. Мөн өнгөрсөн улиралд зургаа, энэ улиралд 35 тоглолтод оролцсон нь Брайнтын хувьд хамгийн цөөхөн тоглолттой улирлууд нь болж бөгөөд энэ улиралд 34 минутыг талбайд өнгөрөөж, 22,6 оноо, 5,7 самбараас бөмбөг авч, 5,6 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод үзүүлсэн байна.