Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох буутай цаначдын өрсөлдөөн буюу биатлоны Дэлхийн цомын 2018-2019 оны улирал ирэх сарын 2-нд Словени улсын баруун хойд нутгийн Поклюкад эхэлнэ. Поклюкад арванхоёрдугаар сарын 2-нд улирлын эхний уралдаан ганцаарчилсан холимог буухиа уралдаанаар эхлэх бөгөөд мөн холимог буухиа, ганцаарчилсан, спринт болон хөөх уралдаанууд болох хуваарьтай байна.
Дэлхийн цомын энэ улиралд нийт есөн гараа зохиогдох бөгөөд үүний долоо нь Европт зохиогдох бол хоёр гараа Хойд Америкт болно. Харин Ази тивд энэ улиралд Дэлхийн цомын гараа хуваарьт багтаагүй. Словени улсын Поклюкад арванхоёрдугаар сарын 2-нд эхлэх Дэлхийн цом ирэх оны гуравдугаар сарын 24-нд Норвеги улсын Осло хотын Хольменколлен цанын баазад сүүлчийн гараа явагдсанаар өндөрлөнө. Сүүлийн жилүүдэд Дэлхийн цомыг эрэгтэй нийлбэр дүнгээр М.Фуркад долоон улирал босоо байна. Чухам түүний ноёрхлыг хэн зогсоох нь тун сонирхолтой асуулт хэвээр байгаа. Мэдээж тэргүүн эгнээнд А.Шипулин, ах дүү Бьо нарын нэрс байгаа бол К.Фийон Майе, О.Моравец, С.Шемп нарыг ч нэрлэж болно.
Энэ жилийн Дэлхийн цомын нэг онцлох үзэгдэл бол сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаагаа “биатлоны хаан” О.Э.Бьорндаленгүй эхэлж байна. “Биатлоны хаан” өнгөрсөн улирлыг дуусгаад албан ёсоор зодог тайлсан. Мөн түүний нутагт нэгт Э.Свендсен, АНУ-ын Л.Бэйли нар зодог тайлаад байна. Харин эмэгтэй төрөлд сүүлийн дөрвөн улиралд өөр өөр биатлонч болор цомыг хүртээд байгаа. Энэ улиралд гол фаворитууд нь Л.Далмайер, К.Макарайнен, А.Кузмина, М.Дори-Абер, Д.Вирер, Г.Коукалова (Г.Соукалова) нар байх болов уу гэсэн таамаг биатлан сонирхогчдын дунд өрнөж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ