Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 11:00 цагт болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд 2018 оны арванэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулна. Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.
Үзэсгэлэн 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд үнэ төлбөргүйгээр гарах юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ