Хакерууд 81 мянган хүний Фэйсбүүк хаягт нэвтэрч, хувийн захидлуудыг нь нийтэд ил болгожээ. Одоогийн байдлаар тэдэнд 120 сая хүний Фэйсбүүк хаягийн мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрийг тус бүрийг нь 10 центээр зарж байгаа хэмээн ВВС агентлаг мэдээлсэн байна. Хакерууд эдгээр мэдээллийг вирустэй интернэт хөтөч буюу браузераар дамжуулан авсан ажээ.
Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарж байгаа тухай зарыг анх есдүгээр сард FBSaler гэсэн нэртэй хэрэглэгч “Бид фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарж байна. Манай мэдээллийн санд одоогоор 120 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл байгаа” хэмээн зар бичсэн байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд уг зарын дагуу мөрдөж үзэхэд багадаа 81 мянган хүний хувийн мессеж олон нийтэд ил болоод байжээ. Фэйсбүүк хаягаа хакердуулж, мессеж нь ил болсон хүмүүстэй холбогдоход өөрийнх нь бичсэн зүйлс мөн болохыг нотолсноор тэд зүгээр нэг зохиомол зар тавиагүй гэдэг нь батлагдсан юм. Тус зарыг ОХУ-ын Санкт-Петербургээс бичсэн болох нь тогтоогджээ.
Хүмүүсийн фэйсбүүк хаягт нэвтэрч, хувийн мэдээллүүдийг нь олон нийтэд ил болгож байгаа хакеруудын ихэнх нь Орос, Украйны хүмүүс байгаагийн дээр АНУ, Англи, Бразил зэрэг орны хүмүүс ч байгаа аж.
Харин Фэйсбүүк компанийн зүгээс аюулгүй байдлын систем нь хэвийн, асуудалгүй ажиллаж байгаа, гэхдээ халдлагад өртсөн байж болзошгүй хаягийн мэдээллүүдийг шалгаж байгаа гэжээ. Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Гай Рөүзэний хэлснээр хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарж байна гэж зар бичсэн хүний хаяг руу нь орж үзэхэд мэдээллүүд нь аль хэдийн идэвхгүй болчихсон байж. Түүнчлэн тус хаягуудыг зарж байсан хүмүүсийг мөрдөхийн тулд орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Хакерууд хүмүүсийн интернет хөтчид URL хаягийн хажууд байх дүрсээр дамжуулан вирус суулгаж, хувийн мэдээлэлд нь нэвтэрсэн байна. Тиймээс энэ хэрэгт дан ганц Фэйсбүүк биш интернет хөтчийг хариуцан ажилладаг компаниуд ч бас хариуцлага хүлээх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ