Амиа алдсан сэтгүүлчийн цогцсыг хүчилд уусгасан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

Амиа алдсан сэтгүүлчийн цогцсыг хүчилд уусгасан байж магадгүй

Амиа алдсан сэтгүүлчийн цогцсыг хүчилд уусгасан байж магадгүй

Истанбул дахь Саудын Арабын консулын газарт аравдугаар сарын 2-нд сэтгүүлч Жамал Хашогги амиа алдсан хэрэг тун нууцлаг байгаагийн сацуу олон улсын анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм. Түүнийг нас барснаас хойш хэргийг мөрдөх ажиллагааг явуулсаар байгаа боловч өнөөг хүртэл цогцсыг нь олж чадаагүй байна. Харин Туркийн ерөнхийлөгчийн туслах Ясин Актай “Өнөөг хүртэл цогцос нь олдохгүй байгаагийн шалтгаанд өгөх хамгийн тохиромжтой логик гаргалгаа бол түүний цогцсыг хэдэн хэсэг хувааж, хүчилд хийн уусгасан явдал юм” хэмээн хэлжээ.

Гэхдээ түүний цогцсыг хүчилд уусгасан гэх ямар ч баримт олдоогүй. Харин түүнийг хөнөөсний дараа цогцсыг нь мөчилсөн баримтууд хэдийн ил болсон байна.

Амиа алдсан сэтгүүлч Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу гэрлэлтээ бүртгүүлэх гэж ороод сураггүй алга болсон билээ. Харин түүний сүйт бүсгүй Хатиже Женгиз Guardian, Washington Post тэргүүтэй таван сонинд өгсөн ярилцлагадаа дэлхийн удирдагчдыг түүний хэргийн шударга үнэнийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаарджээ. Түүний хэлснээр, Хашогги нь нас барахынхаа өмнөхөн шинэ амьдралаа түүнтэй эхлүүлэхээр шинэ байшин хүртэл авсан байжээ. Дэлхийн "ардчилал” энэ хэргийн учрыг олж чадахгүй байгаа бол хэн учрыг нь олох вэ хэмээн тэрээр хэлжээ.

Саудын Арабын зүгээс эхлээд түүний үхлийг жирийн нэг золгүй явдал байсан, ямартай ч тэрээр консулын байрнаас эсэн мэнд гарч явсан гэж байсан бол хөдлөшгүй нотолгоонууд ил болсны дараа түүнийг консулын байранд санаатайгаар алсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Түүнчлэн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман өмнө нь Хашоггиг “аюултай хүн” хэмээн хэлж байсан удаатай юм.  Гэхдээ тэд сэтгүүлчийн аллагад хааны гэр бүлийн гишүүд хамааралгүй гэдгийг хэлж байгаа.

Хэрэг мөрдлөгийн явцын хувьд түүнийг консулын газар руу орсны дараа хэн нэгэн багалзуурдсан, цогцсыг нь хэдэн хэсэгт хувааж зөөвөрлөсөн гэдэг нь нотлогдоод байгаа. Түүнчлэн Туркийн тал түүнийг үхэхээсээ өмнө хэрцгийгээр тамлуулсан тухай бичлэгийг олж авсан тухай мэдээлсэн.

Сэтгүүлчийн аллага олон нийтэд ил болсны дараа Саудын Арабын хунтайж түүнийг “Исламын ахан дүүс” хэмээх үндэстэн дамнасан исламист байгууллагын гишүүн байсан гэдгийг хэлсэн тухай Вашингтон Пост сонинд нийтэлжээ.  Харин сэтгүүлч амьд ахуй үедээ ч, түүний гэр бүлийнхэн ч “Исламын ахан дүүс” байгууллагын гишүүн байсан тухай мэдээллийг няцааж байсан юм.

Америкийн хувьд сэтгүүлчийн аллагын хэрэгт Саудын Арабт “гонсгор” байгаа гэдгээ мэдэгдсэн боловч тэдэнтэй хийх зэвсгийн наймаагаа зогсоохыг хүсэхгүй байгаа аж. “АНУ, Саудын Арабын гүн гүнзгий, урт хугацааны стратегийн харилцааг энэ хэргээс болж үгүй хийхийг хүсэхгүй байна” хэмээн төрийн нарийн бичгийн дарга Помпео хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж