З.Энхболд: Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэж хэлээгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.03-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэж хэлээгүй

З.Энхболд: Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гэж хэлээгүй

Долоо хоног бүрийн Бямба гаригт News агентлаг өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн онцлох ярилцлагууд булангаа хүргэдэг билээ.


"Популистуудад хэвлэлийнхэн №1 дайсан нь байх учиртай"

Нью-Йорк дахь Олон улсын харилцааны ёс зүйн Карнегийн консулын ахлах судлаач, нэрт тоймч, эрдэмтэн Александр Гоерлахтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт анх удаа Монгол Улсад зочлохдоо ардчиллын ирээдүй, популизмын улмаас ардчилалд тулгарч буй сорилтуудын талаар улс төрийн намуудын дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж сонирхолтой лекц уншсан нь анхаарал татсан юм.


-Эрхэм зочин Таныг Монголд анх удаа ирж байгаа гэж сонссон. Ирсэн өдрөөсөө эхлээд Монголын улс төрийн болон сэтгүүл зүйн хүрээнд анхаарал татсан, сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Юуны өмнө надтай ярилцаж буй News агентлагт баярлалаа. Хамгийн нөлөөтэй мэдээллийн сайт гэсэн мэдээлэлтэй байсан учраас их баяртай байна. Зорьж ирсэн ажлууд, зохион байгуулсан арга хэмжээнүүд маань нэлээд үр дүнтэй байлаа. Сонирхолтой хүмүүстэй танилцаж, ардчиллын талаар ярилцаж санал бодлоо хуваалцсандаа сэтгэгдэл өндөр байна.

-Улс төрийн намуудын төлөөлөлтэй дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.  Ямар дүр зураг харагдсан бэ?

-Улс төрийн намуудын төлөөлөл, мөн улстөрчидтэй уулзаж мэдээлэл солилцож эхний байдлаар дүгнэлт хийгээд үзэхэд товчхондоо, ялангуяа ардчиллын тухайд Монгол Улс шийдвэрлэх мөч дээрээ байна. Тэгш бус байдал гол асуудал болчхож гэсэн дүгнэлтэд хүрлээ.

-Тухайлбал?

-Амьжиргааны түвшин, мөн хотын захын гэр хорооллын иргэдэд хүрч буй төрөл бүрийн үйлчилгээний хүртээмж чанарын хувьд маш тод ялгаа харагдлаа. Монгол Улсын хувьд тэгш бус байдал маш өргөн хүрээнд тархжээ. Тиймээс улс төрийн намуудын хувьд энэ чиглэлд анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд эхний байдлаар хүрээд байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


өрийн албаны тухай хууль санаачилсан гишүүдийн нэг, ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй уулзаж, “өлгийдөн” авсан  хуулийн онцлог хийгээд  хууль хэрэгжсэнээр нийгэмд бий болох өөрчлөлт, хүлээлтийн талаар ярилцлаа.


"ИРЭХ ОНД ХОЁР УДАА ЦАЛИН НЭМНЭ"

-Ирэх оны эхнээс хэрэгжих Төрийн албаны тухай хууль урьд өмнө нь батлагдсан хуулиудаас ямар ялгаатай талаар яриагаа эхэлье?

-Энэ удаагийн Төрийн албаны тухай хууль бол гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан хууль юм.  Анхны хууль 1994 онд батлагдаж байсан бол 2002 онд шинэчлэн найруулсан, 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан хууль бол гурав дахь хууль нь юм. Бид 2016 оны сонгуульд оролцохдоо төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, төрийн албан хаагчдын дархлааг бий болгоно гэж сонгогчдодоо амласан. Энэ амлалтаа биелүүлэх үүднээс тэр ондоо ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг хуулийн төслийг 2017 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн бариад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн гол концепци бол төрийн албыг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Өнөөдөр төрийн алба тогтворгүй, улс төрөөс хараат байна. Хоёрдугаарт хариуцлагын тогтолцоог нэлээд сайн тусгаж өгсөн.

Төрийн албыг улс төрөөс, улс төрийн албан тушаалтнаас хараат бус болгох зорилтын хүрээнд  төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, тус зөвлөлийн гишүүдийн тоог тав байхаар хуульчилсан. ТАЗ-д Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын санал болгосон гишүүд байхаас гадна төрийн албан хаагчид дотроосоо сонгодог утгаар томилогдсон хоёр гишүүнтэй болж байгаа. Даргыг нь УИХ-аас сонгох бус тус зөвлөлийн гишүүд дотроосоо сонгодог болж байгаа. Ийнхүү төрийн алба төв байгууллагаасаа эхлэн шинэчлэгдэх юм.

-Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг УИХ, Засгийн газар, ТАЗ-ийн түвшинд боловсруулж байгаа. Эдгээр дүрэм журам яг хэдийгээр батлагдан гарах вэ?

-Төрийн албаны хуульд зааснаар  47 дүрэм, журам дагалдан гарна. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Засгийн газар, ТАЗ, Удирдлагын академи зэрэг байгууллагууд бүтэн жилийн хугацаанд хангаж байгаа. УИХ-аар батлагдах есөн журмын төсөл бидний гар дээр ирчихсэн байна. Ойрын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Эдгээр журам батлагдсанаар хууль хэрэгжих хөрс тавигдана. Үлдэж буй журам, дүрмийг арваннэгдүгээр сардаа багтаагаад гаргах боломжтой гэж үзэж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Д.БАТБААТАР: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ ТОМ ДЭВШИЛ БОЛСОН

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатартай уулзаж, Захиргааны ерөнхий хуульд оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хуулийн төсөлд хоёрхон заалтыг өөрчилж байгаа ч тэрхүү заалт нь Засгийн газрыг захиргааны хэргийн шүүх хянах ёсгүй гэдэг агуулгаар оржээ. Харин та энэ өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?

-Захиргааны хэргийн шүүх хуулиар харьяалуулсан нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн Цэц болоод бусад шүүхэд харьяалагдах маргаан байвал хянан шийдвэрлэдэггүй. Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаасаа хойш дагнасан шүүхийн хувьд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянаж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хүчингүй болгох зэргээр эрхийг нь сэргээсээр ирсэн. УИХ-аас 2015 онд баталсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. Засгийн газар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд байгууллага буюу хуулийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй, мөн төрийн захиргааны төв  болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажилладгийн хувьд дээрх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ёстой гол байгууллага.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


М.БИЛЭГТ: 2016 ОНЫ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН МЭРГЭН СОНГОЛТ ХИЙСЭН

УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. 


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Таны хувьд УИХ тарах нөхцөл бүрдсэн үү?

-2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн мэргэн сонголт хийсэн гэж би хувьдаа боддог. 2016 оны сонгуулийн жилд Монгол Улсын эдийн засаг хямарчихсан, олон улсын түвшинд улсын зээлжих зэрэглэл 0 түвшинд оччихсон гээд маш эрсдэлтэй үе байсан. Санхүү эдийн засгийн ийм хүнд байдалд орсон Монгол Улс дампуурлаа зарлах уу гэдгийн өмнө нүүр тулчихсан байлаа. 2016 оноос өмнөх дөрвөн жилд гаднаас маш өндөр хүүтэй бондууд авсан. Үүнийгээ хяналтгүйгээр зарцуулж ирсэн нь дээрх хор уршгийг дагуулсан гэж хэлж болно. Уг нь авсан зээлээ хэрхэн үр дүнтэй  зарцуулах вэ, яаж  эргэн барагдуулах вэ гэдгээ олон талаас нь тооцох ёстой байсан ч  тухайн үеийн засаг тэгж чадаагүй. Монгол Улсыг нэг өрх айл гэж авч үзвэл тухайн өрхийн зарлага, орлогыг зөв төлөвлөх бодлого нь Монголын төрд бий. Иргэн ч гэсэн банкнаас өндөр хүүтэй зээл авч түүнийг үр ашиггүй зарцуулбал тэр хэрээр  өөрөө хохирдог. Яг үүнтэй адил өнгөрсөн хугацаанд Монгол Улс санхүүгийн зөв зохицуулалт төлөвлөгөөгүй явж ирсэн. Улмаар иргэд маань ажилгүй, орлогогүй, үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт нь уначихсан ийм л хүнд үе байсан. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн сонголтоо хийсэн. Сонголт нь өнөөдөр талаар болоогүй. Дампуурлын ирмэгт байсан Монгол Улсыг энэ парламент аварч чадсан. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая орчим иргэн бий. Тэдний 80 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Эдийн засаг сэргэх хэрээр иргэдийн амьдрал сайжирна. "Иргэн баян бол улс баян" гэж мэргэн үг бий. Үүний төлөө УИХ үүргээ биелүүлж, сайн ажиллаж байгаа учир УИХ-ыг тараах үндэслэл байхгүй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын төрд алдаа оноо байсан уу гэвэл байсан. Би хүлээн зөвшөөрнө. Өмнөх энэ алдаагаа засах зоригтой  шийдвэрүүдийг УИХ  тэр тусмаа МАН-ын 64 гишүүн гаргах нь чухал юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


З.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙЛӨГЧ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг чадамжгүй болсон тул өөрөө тарах ёстой гэсэн хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.  Энэ асуудлаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах хүсэлтээ хүргүүлсэн.  Гэхдээ Ерөнхийлөгчид  УИХ тараах эрх мэдэл байхгүй шүү дээ?

-Үндсэн хуулийн заалтыг анх удаа ашиглаж байна. Төсөв, ЖДҮХ сангийн асуудлаар АТГ-аас Ерөнхийлөгчид мэдээлэл өгч байгаа. Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар нөлөөллөө ашиглаж, өөрөө болон хамаарал бүхий этгээдээ баяжуулбал ял авдаг хуультай байдаг. Дээрээс нь төсвийн асуудал байна. Энэ бүгдээс УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэрээ гарга гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн. Энэхүү бичиг хүргүүлснээр ямар нэг хугацаа тооцдоггүй.

УИХ-ын тухай хуулийн 31-р зүйлд УИХ-ыг хугацаанаас өмнө тараах хуулийн бүх гаргалгаа нь байгаа. Нийт гишүүдийн 3/2, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөн бол, Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилоогүй бол зэрэг гурван тохиолдолд Их хурал бүрэн эрхийн хугацаанаас өмнө тарах заалттай. УИХ-ын тараах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн бол ээлжит чуулганы үед ажлын долоо хоногийн  хугацаанд эхэлж, багтаан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 14 хоногийн хугацаанд УИХ шийдвэрээ гаргах ёстой. 14 хоногийг хэзээнээс тоолох вэ гэдэг нь хязгааргүй. УИХ-ын дарга зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн хариуг  бичгээр ирүүлсний дараа Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хууль, УИХ-ын тухай хуулийн заалтуудыг үндэслэн “УИХ-ыг тараах тухай” тогтоолын бичгээ хамтад нь хүргүүлнэ. Энэ өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж, долоо хоногийн дотор хэлэлцэх хоног тоологдоно гэсэн үг. Одоогоор УИХ-ын даргын зөвшилцөх бичгийн хариуг хүлээж байна.

-Ерөнхийлөгчийн саналыг  УИХ хэлэлцлээ гэхэд  51 гишүүн дэмжих ёстой. Үнэндээ үүнийг УИХ-ын гишүүд хүлээж авах уу? 

-Тарахаас өөр аргагүй шүү дээ. Энэ олон эрүүгийн гэмт хэрэг хийсэн гишүүдээ яах вэ. Хуулийн байгууллага шалгаад эхлэхээр яах вэ. Ийм учраас л Ерөнхийлөгч анх удаа Үндсэн хуульд байдаг зүйлийг ярьж, хөндөж байна. Ийм зүйл бий болоогүй бол Ерөнхийлөгч ярихгүй байсан. Гишүүд жил бүр 47, 70 тэрбум төгрөг төсөвлөөд өөрсдөө аваад байсан нь харамсалтай. Жирийн иргэдэд зээл олгох асуудал АН-ын үед банкаар дамжуулдаг байсан бол сонгуулийн маргааш  ХХААХҮЯ-нд эрхийг нь өгсөн юм билээ. П.Сэргэлэн, Б.Батзориг сайд нар тушаал гаргаж, зөвхөн УИХ-ын гишүүд биш, Ерөнхий адуитор, МАН-ын генсек гэх мэт маш олон хүн авсан юм билээ. Үүнийхээ учрыг МАН олох хэрэгтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"НАР, САЛХИНЫ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ ТОМ ТОГЛОГЧ БАЙХ ЁСТОЙ"

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхантай ярилцлаа.


– Ерөнхийлөгчийг Владивостокт Азийн супер сүлжээ төслийг хөндөж ярьснаас хойш  энэ төсөлд оролцогч улсууд Монголыг илүүтэй сонирхож эхэлсэн нь анзаарагдаж байна. Таныг Бээжинд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр болсон хуралд оролцоод ирсэн гэж сонслоо. Тийм хандлага анзаарагдав уу?

-Маш тод анзаарагдсан шүү. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан эрчим хүчний хамтын ажиллагаа, бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний олон улсын форумд оролцсон юм. Энэ байгууллагыг 2016 онд Япон, ОХУ, БНХАУ, БНСУ-ын эрчим хүчний компаниуд хамтран байгуулсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дорнын эдийн засгийн форумд гаргасан санаачилгын үргэлжлэл болсон арга хэмжээ сая болж ѳнгѳрлѳѳ л дөө. Энэ хурлын үеэр  Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд хамрагдах, ирээдүйд тэр сүлжээнд Монголоос сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан экспорт хийх бүрэн боломжтой гэдгээ олон улсын тавцанд илэрхийллээ. Эрчим хүчний яам, Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн цахилгаан, эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги гэсэн судалгааны төсөл одоо хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудынхаа урьдчилсан үр дүнг танилцуулсан. Товчхондоо Ерөнхийлөгчийн гаргасан  санаачилга бүс нутгийн хэмжээнд маш том ажил болж байгаа. Ойрын ирээдүйд бид эдгээр орнуудтай хамтын ажиллагаагаа улам нягт болгох, ажил хэргийн механизмыг бий болгох гэсэн зорилготой ажиллаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“ДУРТАЙ АЖЛАА ХИЙГЭЭД, ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАХ НЬ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ”

Залуусыг, монгол хүнийг хүсэл сонирхолд нь тулгуурлан хийж бүтээхэд, эерэг, сайн үйлст уриалж нэгтгэдэг “Бүтээлч монгол нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч Ж.Лувсандоржтой “монгол хүн”-ий талаар ярилцлаа.


-Монголчуудад багаар ажиллах чадвар дутагддаг гэдэг. Гэтэл та монгол хүнтэй нэгдэн олон жил хамтын ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд ажигласнаар монгол хүний онцлог нь юу вэ?

-Манай нэгдэл 2014 онд байгуулагдсан. Үүнээс хойш олон салбарын олон байгууллагатай хамтран ажилласан байдаг. Хамтын ажиллагааны хүчээр олон зүйл хийсэн. Гэтэл монгол хүн багаар ажиллаж чаддаггүй гэдгээс эхлээд монгол хүн юу хийх боломжтой, монгол хүн гэж хэнийг хэлэх талаар олон төөрөгдөл байгааг анзаарсан. Монголд ажиллах нөхцөл байхгүй, монгол хүнд чадваргүй байгаа биш. Бид өөрт байгаа боломжийг олж харахгүй байна.

Бидэнд түүхий эд, хүний нөөц гэсэн хоёр зүйл байна. Үүнд тулгуурлан хөдөө аж ахуйд суурилан хөгжих боломж бий. Мөн монгол хүн урлаг, спортын олон төрлөөр дэлхийд маш том амжилт үзүүлж байгаа. Үүнийг хэрхэн инновацид оруулах талаар ярилцах шаардлагатай байна. Мөн монгол хүн хийсвэр сэтгэлгээ сайтай байдагтай холбоотойгоор электрон, программ хангамж, технологи  хөгжүүлэх боломж бий. Монгол хүн энэ чиглэлд олон нээлт хийж байгаа ч түүнийгээ үйлдвэрлэлд оруулж чадахгүй байна. Түүнчлэн үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, гар урлалыг хөгжүүлэх шаардлагатай. Бидэнд ийм нөөц бий. Одоогоор бид байгаа зүйлээ худалддаг, зардаг, хийж бүтээдэггүй “дэлгүүр орон” болчихоод байна. Энэ нь өөрт байгаа зүйлээ мэдэхгүй байгаагаас шалтгаалж байгаа юм. Өөрт байгаа зүйлээ мэдэж, өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгосон цагт боломжийг олж харж, нэгдэж, хамтран ажиллаж эхэлдэг. Энэ сэдэвтэй холбоотойгоор олон зүйл ярих шаардлагатай ч товчхондоо монгол хүнийг бүтээлч гэж тодорхойлъё.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Б.ЦЭЦЭГ: БИ ОД БОЛОХЫГ ХҮСДЭГГҮЙ

Бид энэ удаа хэдийнэ бүсгүйчүүдийн танил болсон, жүжигчин Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан цаг саяхан.  Мөн тэрээр өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн “Mongolian connection” уран бүтээлийн гол дүрд тоглож, СТА цолоор шагнуулаад байгаа юм


-Саяхан таны гол дүрд тоглосон “Mongolian connection” уран сайхны кино нээлтээ хийлээ. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Юуны түрүүнд энэ кинонд оролцсон, хамтарч ажилласан бүх уран бүтээлчдэдээ баярын мэнд дэвшүүлье. Миний хувьд өнгөрсөн оны намар “Хөх тэнгэрийн хязгаар” хэмээх олон улсын хэмжээний кинонд тоглосон. Тус киноны үеэр жүжигчин Б.Амарсайхан ах маань адал явдалт, драмын кино хийнэ гэж ярьж байсан юм. Тухайн үед би түүний ярианаас сонсоод л дүрийн шалгаруулалтад оролцох юмсан гэж битүүхэндээ бодож явсан. Удалгүй киноны дүрийн шалгаруулалт өрнөхөд би гол дүрээр тодорч кинонд тоглох аз завшаан тохиосон юм. Уг кинонд Азийн шилдэг эрэгтэй дүрийн шагналт Японы жүжигчинтэй хамтран тоглоно гэдэг надад нэр төрийн хэрэг санагдаж билээ. Тус киноны зохиол надад их таалагдсан. Тэр тусмаа нийгэмд болж буй хаалттай сэдвийг кино урлагаар дамжуулж харуулахыг зорьсон нь миний сэтгэлийг хөдөлгөсөн юм болов уу. Хамгийн анх зохиолыг уншихад хүний наймаа, хөшигний цаадах амьдралыг харуулна гэхээр миний сэтгэл рүү “ёонк” гээд л орсон доо.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


МУГЖ Т.АРИУНАА: Т.БАРХҮҮ ДУУЛАХ АВЬЯАСТАЙГАА НОТОЛСОН

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн “ад”-тай оролцогч “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтран дуулсан “Чамдаа уусна” нэртэй шинэ уран бүтээл цацагдаж эхэлснээс хойш үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байна.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав хөгжмийг зохиосон бол “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат шүлгийг нь бичжээ. Энэ дуу нь жүжигчин Т.Бархүүгийн анхны уран бүтээл бол гавьяат дуучин Т.Ариунаагийн долоо дахь бие даасан “Тэнгэр шиг бай” цомогт багтжээ. Энэ талаар Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаагаас тодруулахаар утас цохилоо.

-Сайн байна уу,  танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин уу. Таны жүжигчин Т.Бархүүтэй хамтран “Чамдаа уусна” дууны клип олны анхаарлыг татаж, басхүү өндөр үнэлгээ аваад байгаа. Уянгын хайрыг өгүүлсэн энэ бүтээл дээр жүжигчин Т.Бархүүтэй хамтран ажиллах болсон нь хүмүүст их сонирхолтой санагдаж байгаа байх?

– “Яг түүн шиг-2” шоуны зочин шүүгчээр оролцох үед Т.Бархүүг дуулах авьяастай хүүхэд юм байна гэдгийг олж харсан. Тийм болохоор “Чамдаа уусна” дууны хөгжмийн найруулга, арга техник зэрэг дээр Т.Бархүү дүүдээ зөвлөмж өгч хамтран ажилласан. Дууныхаа клипийг цацсанаас хойш  цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ авч байгаа нь Т.Бархүү маань бас нийгэмд тодорхой хүлээлт үүсгэсэн авьяаслаг уран бүтээлч гэдгийг нотолсон байх. Фэйсбүүкт  гурван хоногийн дотор 10 мянган хүн бусадтай хуваалцаж байх жишээтэй. “Чамдаа уусна” дуу бол өнөөгийн нийгмийн сөрөг хандлага, стресс бухимдлын эсрэг гэгээлэг бүхнийг уран бүтээлээрээ хүргэхийг зорьсон чанартай уран бүтээлийн нэг юм. Уран бүтээлч хүний аз жаргал бол сайн дуу бүтээж, хүмүүст хүрдэгт байдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж