Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийг батлах хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийг батлах хуулийн төслийг өргөн барив

Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
      Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1919 онд батлагдсан дүрмийг хүлээн зөвшөөрч, 1968 онд тус байгууллагын гишүүнээр элссэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр олон улсын хэмжээнд хэмжээ хэмжээ тогтоох чиг үүрэгтэй тус байгууллага өнөөг хүртэлх хугацаанд Ерөнхий бага хурлаасаа нийтдээ 188 конвенц, 199 зөвлөмж батлан гаргаад байгаа аж.
     Олон улсын чанартай эдгээр эрх зүйн актын нэлээд нь цаг хугацааны эрхээр хуучирч, зорилго нь алдагдаж ач холбогдолгүй болсон тул тэдгээрийг хүчингүй болгох эрхийг Олон улсын хөдлмөрийн бага хуралд олгох тухай нэмэлт, өөрчлөлтийг дүрэмдээ оруулахаар 1997 оны зургадугаар сарын 9-ний өдөр шийдвэрлэжээ. Дүрмийн энэхүү нэмэлт, өөрчлөлтийг тус байгууллагын гишүүн улсын гуравны хоёр буюу 122 улс хүлээн зөвшөөрсөн буюу соёрхон баталсан нөхцөлд хүчин төгөлдөр болох юм байна.
      Иймээс манай улс тус байгууллагын гишүүн орны хувьд 1997 онд дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзэж, уг хуулийн төслийг Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж