Гадил, авокадо жимс болон туна загасанд агуулагддаг В6 амин дэм нь хүнийг зүүдээ санахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Австралийн Аделайдын их сургуулийн судлаачид 1000 хүнд В6 амин дэмийг уулгаж туршилт хийсэн байна. Судалгаанд оролцогчдод В6 витаминыг 240 мг хэмжээгээр уулгаж, унтуулахад зүүднийхээ 64,1 хувийг санаж байсан төдийгүй илүү тавтай, тайван нойрсож, өглөө сэрэхдээ ч сэргэг байжээ. В6 амин дэм уугаад унтахад хүний зүүд илүү тод, бодит мэтээр мэдрэгдэж, өөрийгөө зүүдэлж байгаа гэдгийг зүүдэндээ бүрэн мэдэрдэг бөгөөд сэрсний дараа ч санахад хялбар болгож байжээ.
Зүүдэлж байх үедээ өөрийгөө зүүдэн дундаа байгаа гэдгийг мэдэрдэг байх нь маш олон давуу талтай. Тухайлбал, хар дарсан зүүд, айдсаа даван туулах, асуудлаа шийдвэрлэх зэргээр үүнийг ашиглаж болох юм.
"Хүмүүс дунджаар амьдралынхаа 6 жилийн хугацааг зүүд зүүдэлж өнгөрүүлдэг байна."
В6 витамин нь гадил, авокадо жимснээс гадна, бүхэл үрийн гурил, бууцай, төмс, сүү, бяслаг, өндөг, улаан мах, элэг, загас зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Хүний өдөрт хэрэглэх ёстой В6 амин дэмийн хэмжээ нь эрэгтэй хүнд 1,4 мг, эмэгтэй 1,2 мг байдаг бөгөөд иймэрхүү хэмжээг өдөр тутмын хоол хүнснээсээ хялбар авах боломжтой. Харин богино хугацаанд өдөрт 10-200 мг хэмжээгээр хэрэглэхэд биед ямар нэгэн сөрөг нөлөө гардаггүй байн. Гэхдээ удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хөл, гар мэдээгээ алдах зэрэг мэдрэлийн гаралтай өвчин тусах эрсдэлтэй ажээ.
Эх сурвалж: The Independent
Холбоотой мэдээ