Азийн пара III наадамд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт гаргасан Монгол Улсын баг тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр /2018.11.02/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газраас хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Индонез улсын Жакарта хотноо аравдугаар сарын 6-10-нд зохион байгуулагдсан пара олимпод нийт 40 тамирчин, 14 дасгалжуулагч спортын есөн төрөлд / жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын төрөлд / оролцсон билээ. Тэдний амжилтыг дурдвал,
- "Жакарта-2018" Пара Азийн наадмаас Монгол Улсын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жүдоч ОУХМ А.Мөнхбат 66 кг-ийн жинд хүрэл медалийг хүртсэн. Түүний хувьд 2010, 2014, 2018 оны Азийн наадмуудаас тус тус удаа дараалан мөнгө, хүрэл медаль хүртэж байна. Мөн Азийн аваргын мөнгөн медальт тамирчин юм.
- Жүдо бөхийн ОУХМ Н.Алтанцэцэг нь +78 кг-д багийн гурав дахь медаль болох хүрэл медалийг хүртэв. Түүний хувьд өмнө нь олон улсын уралдаан тэмцээнүүдээс медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм. Тухайлбал 2014 оны Инчеоны Азийн наадмын хос алтан медалийг, 2015 оны Будапештийн Дэлхийн аваргын шагналт 5 дугаар байрын амжилтуудыг эх орондоо авчирч байсан юм.
- Жүдо бөхийн -90 кг-д Д.Эрдэнэбаяр нь хүрэл медаль хүртсэн. Энэ нь түүний хувьд олон улсын чанартай анхны медаль юм.
- Хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн хоёр төрөлд оролцсон ОУХМ Э.Өнөрмаа бөөрөнцөг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2018 оны Бээжин Гран При-д уг 2 төрөлдөө алтан медаль хүртэж байсан тамирчин юм.
- Тус наадмаас манай тамирчидын нэг алтан медальтай хүрэлцэн ирсэн нь МУГТ Э.Содномпэлжээ байсан. Тэрээр пауэрлифтингийн төрөлд Рио 2016 паралимпийн наадмын хүрэл медаль, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2015 онд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медалийн тус тус хүртсэн. Мөн 2017 онд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол улсын бахархалт тамирчин юм. Э.Содномпэлжээ 2001 онд Монголын паралимпийн анхдугаар спартикадад оролцож, 52 кг-д алтан медаль хүртэж байжээ. Тэрээр 2010 оноос пара хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчин болсон байна. Улмаар 2011 онд УАШТ-ий 66 кг-ын жинд 157.5 шахаж хүрэл медаль хүртэж, спортын дэд мастерын болзол хангаж байжээ. Үүнээс нэг жилийн дараа спортын мастер цолыг хүртсэн байна. Харин 2013 оны Азийн пара пауэрлифтингийн АШТ-ий 88 кг-ын жинд 25 орны тамирчнаас V байр эзэлсэн юм. Пара олимпод спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Холбоотой мэдээ