Олон улсын акробат, циркийн наадам БНХАУ-ын Вухань хотод аравдугаар сарын 26-аас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд боллоо. 13 дахь удаагийн уг наадамд АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг 14 орны 200 гаруй уран бүтээлчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна. Монголын Үндэсний циркийн жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ шилдгийн шилдэг алтан цомын эзэд болжээ.
Б.Золбаясгалан ахлагчтай уран бүтээлчид авьяас чадвар, тэсвэр хатуужлын үзүүлбэрээрээ онцгой байж аваргын цомын эзэд боллоо.
Монголын Үндэсний циркийн “Есөн өрлөг” хамтлагт Б.Золбаяр, Б.Золбаясгалан, Л.Тэлмэн, Б.Үржиндулам, Д.Пүрэвсамбуу, Г.Бат-Эрдэнэ, Батбаяр, О.Эрдэнэбат, Ц.Отгонтэгэр нарын циркийн жүжигчид, уран бүтээлчид багтжээ. Уран бүтээлийн найруулагчаар Т.Буд ажилласан байна.
Дашрамд дуулгахад, Б.Золбаяр ахлагчтай жүжигчид 2015 онд Вучиао тэмцээнээс шидэх банз үзүүлбэрээр мөнгөн цом хүртэж байсан юм. Дэлхийн циркийн А зэрэглэлийн Вучиао тэмцээнээс 2017 онд Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр алтан цомыг хүртсэн билээ.
Ч.БОЛОР