УИХ-аар ирэх 2019 оны төсвийг баталлаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг тодрууллаа.
-Та Сангийн сайд болсноос хойш төсөвт тодотгол хийх тун дургүй байгаа. Ирэх онд төсөвт тодотгол хийхгүй гэдэг зарчмаа баримтлах уу?
-Бид 2018 оны төсөвт тодотгол хийхгүй гэсэн. Хэлсэндээ хүрээд, тодотгол хийгээгүй. Харин ирэх оны төсвийг боловсруулахдаа нэлээд сууж ажилласан. Сангийн яам бол төсөв тодотгохгүй гэдэг байр сууриа баримтална. Хуулиар төсвийн орлого нэмэгдсэн тохиолдолд тодотгол хийхгүй. Харин орлого буурсан тохиолдолд тодотгол хийнэ гэж заасан байдаг.
-Төсвийн төсөөлөл нэлээд өндөр байсан. Хэрэв орлого төсөөлөлдөө хүрэхгүй бол төсөв тасалдах аюулд орно шүү дээ?
-Төсвийн орлогыг төсөөлөхдөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг зарчим баримталсан. Ер нь бол төсөв дээр нэлээд сайн сууж хийсэн.
-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг УИХ-ын гишүүд хуваагаад авчихдаг гэсэн ойлголт нийгэмд төрөөд байна. Гэтэл ирэх оны төсвөөр тус санд 40 гаруй тэрбум төгрөг баталлаа. Энэ нь шүүмжлэл нэлээд шүүмжлэл дагуулах болов уу?
-Засгийн газар төсвийг боловсруулахдаа энэ санд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Ингээд хэлэлцүүлгийн явцад гишүүд суулгасан байх. Би мэдэхгүй. 2017 оноос эхлээд энэ сангийн мөнгийг хамгийн зөв механизмаар олгодог болмоор байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Яагаад гэвэл, энэ санд асуудал байгаа. Тиймээс энэ сангуудын асуудлыг цэгцлээд, зөв голдрилд нь оруулчхаад цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдэг бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар баримталж ирсэн. Тэр утгаараа 2019 оны төсөв дээр мөнгө төсөвлөөгүй УИХ-д оруулсан. Гэвч УИХ-аар яригдаад мөнгө тавигдсан байсан.
-Ер нь Засгийн газрын тусгай сангуудын асуудлыг цаашид хэрхэн цэгцлэх вэ?
-Ерөнхий сайд маш тодорхой чиглэл өгсөн. Засгийн газрын тусгай сангууд дээр Сангийн яамнаас шалгалт оруул гэсэн. Илэрсэн зөрчлийг арилгах, олон нийт, банкуудын оролцоог ТУЗ-д оруулдаг болох чиглэл өгсөн. Өмнө нь Засгийн газрын тусгай сангаар зарим яамны урсгал зардлыг ч санхүүжүүлж байсан жишээ бий.
-Шатахууны үнэ өдөр ирэх тусам өсч байна. Ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?
-Өнөөдөр “Wall street journal” дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 72 ам.доллар давсан байсан бол одоо 63,56 ам.доллар болоод найман ам.доллараар буучхаад байна. Тэгэхээр шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. АИ-98 бензинээс бусад төрлийн шатахууны онцгой албан татварыг Засгийн газар тэглэсэн. Өмнө нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр газрын тос импортлогч компаниудад өгсөн мөнгөн дүнг та бүхэн харсан байх. Энэ хөтөлбөрийг дахиад хэрэгжүүл гэж хэлээд байгаа юм уу. Ер нь бол зах зээл дээр байгаа үнийн өсөлтийг хамгийн сайн шингээдэг зүйл нь зах зээл өөрөө юм. Зах зээл өөрийнхөө зарчмаар явах ёстой гээд бид хараад суугаагүй, онцгой албан татваруудаа буулгачихсан.
Холбоотой мэдээ