“Рерих ба би” музейн нээлтийн үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагналт, залуу зураач Ж.Гүрсэнгэтэй ярилцлаа.
–Уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээсэнд баяр хүргэе. Энэ хэд дэх үзэсгэлэн бэ. Яагаад “Бодлын ертөнц” гэж нэрлэсэн юм бол?
-“Бодлын ертөнц” миний бие даасан хоёр дахь үзэсгэлэн. Уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо дээдлэн хадгалж, хамгаалахад уриалсан. Ер нь зөв зүйл бодсноос сайн сайхан зүйл эхэлдэг болов уу гэж бодож “Бодлын ертөнц” гэсэн нэр өгсөн. 2009 онд “Хязгааргүй ертөнц” гэсэн үзэсгэлэнгээ “Амстердам арт” кафед гаргаж байлаа. “Цагаан дариум” арт галерейд 2011 онд хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан, энэ гурав дахь нь. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс “Хязгааргүй огторгуйн чанадаас” хэмээх зураг миний онцлох бүтээл. Хүн төрөлхтөнөөс өмнө байгаль үүсч, байгалиас хүн бий болсон. Хүний оюун санаа бол хязгааргүй ертөнц гэдгийг энэ бүтээлдээ илэрхийлсэн. Уран бүтээлч хүн бодож явдаг санаа, сэдвээ уран бүтээлдээ илэрхийлдэг. Би төрсөн нутаг, Монгол эх орныхоо байгаль, хүн хоёрын шүтэлцээний утга учрыг бүтээлдээ тусгадаг.
–Олон үзэсгэлэнд оролцсон биз?
-2006 оноос эхлэн 20 гаруй үзэсгэлэнд оролцсон. Франц, Герман, Хятадад олон улсын үзэсгэлэн, мөн Солонгос болон өөрийн орны зураачдын хамтарсан үзэсгэлэн, Богд хааны музей, Рерихийн музейн үзэсгэлэнгүүдэд бүтээлээ дэлгэсэн.
–Багийн л зурдаг байсан уу. Яаж яваад зураач болчихов?
-Авга ах маань Хүүхдийн ордны уран зургийн ангид оруулсан нь энэ замын эхлэл юм уу даа. 2004 онд О.Энхтайван багшид шавь орж Үйлдвэр урлалын сургуулийг төгссөн. Үргэлжлүүлэн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Г.Лхагвасүрэн багшийн удирдлага дор төгссөн.
Дэлхийн хамгийн том дээл 16 давхар барилгатай тэнцүү.
–Анхны уран бүтээлийн тухай?
-Гуравдугаар курст байхад /2009 онд/ Бира багш ”Рерих”-ийн музейд зураачаар оруулсан. Тэндээс л уран бүтээлийн анхны томоохон бүтээл, анхны тэргүүн байр, анхны урам гээд сайхан бүхнийг авсан даа.
–Багшийн эрдэм шавиас гэдэг. Зурах арга барил, агуулга тань өвөрмөц юм. Мэргэжлийн талаас нь тайлбарлаач?
-Багш болгон өөрийн онцлогтой заана. Би өөрийн гэсэн барил өнгө төрхтэй. Миний зургийг хараад тэрний шавь гэхээсээ Гүрсэнгэ зураачийн бүтээл байна гэх нь чухал. Ер нь бол нутаг ус, хүний бодлын дээд хязгаар ертөнцийн тухай ойлголт, гүн ухааны сэдвээр туурвидаг. Бодол эргэцүүлэл төрүүлэхгүй бол зурах ч хэрэггүй. Аливааг зүгээр хараад өнгөрөх нэг хэрэг. Бодож бясалгаад өөрийн хэлэнд оруулбал сая төгс бүтээл төрдөг. Уран зураг бол бодлын үр хөврөл гэж боддог.
–Дэлхийн хамгийн том дээлийг бүтээсэн гэсэн. Энэ тухай?
-Би санаачлагч нь л даа. 2016 онд энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөрөнгө оруулалт хүнд байсан учраас “Бат зүү” компанид хандсан. Тэд ч сайхан хүлээн авч зургаан давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөр, 18 метрийн өргөнтэй хаан хээтэй Хүннү дээлийг урласан. Энэ дээлийг “Бат зүү” компанийн оёдолчдоос гадна Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгийн 50 гаруй үйлчин бүсгүй 500 метр даавуугаар хоёр сарын турш уламжлалт гар оёо, зээгт наамал, үндэсний хээ угалз гэсэн нарийн оёдлоор урласан дээл юм.
Урлаг бол улс эх орны нүүр царай байдаг. Тэр дотроо дүрслэх урлаг бол нэн эртнийх. Бараг л урлагийн анхдагч төрөл гэж хэлж болно гэж боддог. Тиймээс залуу үе гэлтгүй монголчууд үндэсний дээл, соёл, заншлаа дээдэлж байгаасай. Агуу их түүхээ, байгалиа хайрлаж яваарай гэж хэлье. Хүмүүс ингэж чадаж байвал оюун санаанд урлаг нөлөөлсний нэг шинж юм.
–Цаашдийн уран бүтээлийн төлөвлөгөө?
-Зогсолтгүй эрэл хайгуул бол цаашдын ажлын эхлэл гэж үздэг. Нэг үзэсгэлэн гаргаад хүмүүс хэрхэн хандаж байна гэдгийг ажигладаг. Эндээс хийсэн дүгнэлтээ дараагийн бүтээлдээ ашигладаг. Манай шүүмжлэгч, судлаач нар ч сайн болж. Тэр болгоны үгийг авах нь чухал.
–Зураач хүний эдийн засаг хэр байдаг юм бол?
-Хэцүү шүү дээ. Манайхан уран зураг ойлгох, түүнийг үнэлэх тал дээр дэлхий нийтээс хоцорч байна. Европчууд суурьшмал, манайхан нүүдэлчин. Гэхдээ бид хоцрох гэхээсээ шинэлэг тал руугаа байна уу даа гэхэд болно. Ер нь бол зургаараа л амьдардаг. Европчууд голдуу худалдаж авдаг. 2011 онд нэгэн эрхэм хоёр бүтээлийг маань 200-250 ам.доллараар худалдаж авсан шүү.
–Залуу зураач нартаа хандаж хэлэх үг?
-Уран зургийн үндсэн техникийг эзэмшсэнээр тухайн зураачийн насан туршийн боловсролын эхлэл тавигддаг. Үүн дээр өөрийн гэсэн философтой байх нь чухал.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ