Татварын Ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монголын Татварын албаны ажилтан, албан хаагчийн Сургалт хөгжлийн хөтөлбөрт тусгасан “Татварын албаны ажилтан, албан хаагчийг аливаа шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, судалгаа шинжилгээний ажил хийх боломж нөхцлийг бүрдүүлэх, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжих” ажлыг хэрэгжүүлэх хүрээнд “Татварын албаны албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нээлттэй хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 01-ний өдөр ТЕГ-ын Сургалтын төвөөс зохион байгууллаа. Нээлттэй хэлэлцүүлгийг ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж, судалгааны ажлаа танилцуулах албан хаагчдад амжилт хүссэн юм.
Сургалтын төв нь татварын албаны хэмжээнд татварын чиглэлээр гадаад улсын болон дотоодын их, дээд сургуульд татварын албаны чиг үүрэгт хамаарах чиглэлээр магистр, докторын зэрэг горилсон бүтээл туурвин, судалгааны ажил бичиж эрдмийн зэрэг цол хамгаалсан болон одоо бичиж, хамгаалахаар төлөвлөж буй албан хаагчдын судалгааг гаргуулжээ. Татварын албаны хэмжээнд нэгтгэл судалгаанд 308 албан хаагч хамрагдаж 314 нь магистр, 10 нь докторантад суралцсан болон суралцаж байгаа болон Монгол Улсын их, дээд сургуульд 291, гадаад улсын их, дээд сургуульд 33 албан хаагч хамрагджээ. Одоогийн байдлаар нэгтгэл судалгаанд хамрагдсан 308 албан хаагчаас 287 нь суралцаад төгссөн, 37 албан хаагч нь суралцаж байгаа юм байна.
Дээрх судалгааны үр дүнд үндэслэн 20 албан хаагчийн эрдмийн бүтээлийг хэлэлцүүлэн албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл түгээх, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах үүднээс дөрвөн албан хаагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сонгон “Татварын албаны албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын ТУХАГ-ын ТУАБ, докторант Д.Энхтуяа “Татвар хураалтын үйл ажиллагааг дахин инженерчлэх боломжийн судалгаа”, ТЕГ-ын ХХХГ-ын ТУАБ, магистрант Б.Ундрах “Татварын албаны бүтэц, зохион байгуулалтын тогтолцооны эрх зүйн зохицуулалт”, УТОХГ-ын ТТХХ-ийн ТУБ, магистр Б.Халиун “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн татварын эрсдлийг бууруулах нь”, НТГ-ын ХШХ-ийн ТУБ, магистр Б.Баясалмаа “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлд ажлаас авах сэтгэл ханамжийн нөлөөлөл” зэрэг сэдвээр бэлтгэсэн судалгааны ажлуудаа хэлэлцүүллээ.
Татварын албаны 40 гаруй албан хаагч хэлэлцүүлэгт оролцон санал, хүсэлт, шүүмжийг хэлж нээлттэй хэлэлцүүлэгт хамрагдсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгээс татварын алба албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, цаашид албан хаагчдын оюуны бүтээлүүдийг үнэлж, татварын албандаа хэрэгжүүлж болохуйц эрдмийн ажлыг судлах, хамтран ажиллах гарцыг нээж байгаагаараа дээрх хэлэлцүүлэг үр дүнтэй болж өндөрлөлөө. ТЕГ-ын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг цаашид нээлттэй хэлэлцүүлгийг өргөжүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрдмийн багш нарыг оролцуулан заавар, зөвлөгөө авч, хамтран ажиллаж туршлагуудыг судлах боломжийг бүрдүүлэх талаар хэлээд нээлттэй хэлэлцүүлгийг хаалаа.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ