86 сая ам.долларын санхүүжилттэй гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

86 сая ам.долларын санхүүжилттэй гэрээнд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх мөн татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл , харилцааны технологи ашиглан сайжруулах зорилго бүхий нийт  85.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр зээл, хоёр буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр /2018.11.02/  гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зураг ёслолд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн  Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар оролцов. Мөн Эрчим хүчний яам болон Татварын ерөнхий газрын төлөөлөгчид оролцсон юм.

Тус хоёр төслийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч  хэрэгжүүлж буй хүчин чармайлтад  дэмжлэг үзүүлнэ хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тодотгосон юм.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ  “Дээрх хоёр төсөл нь улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран шийдвэрлэхээр амжилттай ажиллаж байгаагийн тод жишээ.   “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслөөр баруун бүсийн аймгуудад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин төслийн хүрээнд алслагдмал амьдарч байгаа 260 мянган иргэнийг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангаснаар тэдний эрүүл мэнд, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх юм.  Харин хоёрдахь нь буюу “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал” төслөөр  татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын  үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулснаар төсвийн санхүүгийн удирдлагыг ил тод үр ашигтай болгон иргэдэд хамгийн их үр өгөөж авчрах төслүүдийг эрэмблэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэлээ.  Уг төслийг  25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх юм байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ хоёр төсөл нь нийтдээ 85.6 сая ам.долларын санхүүжилт юм. Төслийн санхүүжилтээр манай улсад нэн чухал бүтээн байгуулалтын ажлуудыг хийх боломж бүрдлээ.  Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж амжилттай хэрэгжүүлэхэд бид гол анхаарлаа хандуулж ажиллана” гэсэн юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлэх ажлууд хийгдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж