Нам, намын улстөрч, эрх мэдэлтнүүдийн “шахаа”-ны газар болоод удаж буй төрийн албанд ажил мэргэшлийн түвшинг тогтоох шалгалт хийх нь ээ. Эл шалгалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хоёр хамтран хийнэ.
Өнгөрсөн зун Зам тээвэр, хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газраас архи, согтууруулах ундаа илрүүлэх шалгалт хийж, аль яам, агентлагийн хөргөгчид хэдэн шил архи, виски хадгалж байсныг тоолж, гаргасан шиг юм болоод өнгөрөхгүй бол угтаа зөв. Ажил авсан даруйдаа л энэ ажлыг зохион байгуулах ёстой байсан юм.
Сургаар нь өнөөдөр төрийн албаныхан сандарч эхэлж байна. Яг юу шалгах бол гэдгээс эхлээд мэргэшлийн үнэлгээгээр муу дүн авбал ажлаас чөлөөлөх үү, яах вэ гэхчлэн олон асуулт өмнө нь тавигдаж байна. Гэвч эл шалгалт бас МАН доторх 32, 33-ын бүлгийн хуваагдлыг тодотгосон “намнаа” болох вий гэж эмээгчид ч байна. Болгоомжлох нь зөв. Хоёрдугаар ээлжийнхэн ажил авснаас хойш М.Энхболдын фракцынхныг шахаж, У.Хүрэлсүхийн талынхныг оруулж ирэх ажиллагаа томилгоо бүр дээр тод харагдах болсон. Гол нь фракциудын зодооноор төрийн албыг хүчгүйдүүлж болохгүй.
Ур чадваргүй, мэргэшлийн бус, дээр нь ажил унагаж байгаа бол У.Хүрэлсүхийн фракцын хүн байсан ч чөлөөлөх л ёстой. Харин ур чадвартай, мэргэшсэн, мэргэжилдээ үнэнч бол М.Энхболдын битгий хэл Ардчилсан намын үед ажилд орсон байсан ч үлдээж, ачааг үүрүүлэх ёстой. Нам, фракцаар асуудалд хандаж, халж чөлөөлдөг байдлыг энэ Засгийн газар эцэслэх ёстой. Тэгж гэмээнэ төрийн алба хүчтэй, чадвартай болно.
Төрийн алба өнөөдөр 200 мянга шахам хүнтэй болсон. Жил ирэх тусам төрийн албаныхны тоо зуу, зуугаар нэмэгддэг шалтгааныг Төрийн албаны зөвлөл сургууль, цэцэрлэгүүд шинээр баригдаж, ашиглалтад орсонтой холбон тайлбарладаг ч цүнх баригчаас эхлээд зөвлөхүүдийн тоо хэдэн арваараа нэмэгдсэнийг нуух аргагүй болсон. Одоо энэ шалгалтаар аль яам, агентлаг хэчнээн цүнх баригч, зөвлөхтэй болсныг гаргаж ирэх ёстой.
Хувийн хэвшилд нэг хүний хийдэг ажлыг төрийн албанд 2-3 хүн хувааж хийдэг ажлын давхардлыг ч гаргаж, зохицуулалт хийх шаардлагатай. Бас нэг хүнд хэтэрхий их ажил ногдуулж, тэнцвэргүй байдал үүсгэсэн байгаагаа ч цэгцэлж ав.
Хэрэв ийм зохицуулалт хийхгүйгээр зөвхөн үнэлгээ тогтоогоод, эсвэл эсрэг нам, фракцынхаа хүмүүсийг намнах маягаар асуудалд хандвал төрийн алба өнөөх л улиг болсон олон жилийн асуудалтайгаа үлдэнэ.
Хор найруулдаг, хов баздаг, ажил хийдүүлдэг, хамаатан садан, найз нөхдөө төрийн чухал албанд томилдог зэрэг зөрчлүүд өнөөдөр улам төгөлдөржиж, төрийн хууль, тогтоомжоос давсан шийдвэр гаргахын зэрэгцээ авлига авдаг үзэгдэл хавтгайрсан.
Өмнө нь Эрүүл мэндийн сайд тендер зохицуулах нэрээр авлига авч байгаад Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынханд гардуулдаг байсан бол өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал хүүхэд сургуульд авсныхаа төлөө авлига авдаг болсон байна. Нэг үгээр хэлбэл, дээд шатанд явдаг байсан авлига дунд шатанд шилжлээ гэж хэлж болно.
Засгийн сайд нарын чихэнд хүртэл өдий гэж боддог уу, АТГ-ынхан хүрч ирж шалгадаг гонжийнжоо гэж боддог уу, орон нутагт хууль зөрчсөн даргын үйлдэл цадигаа алдсан тухай дуулдаж байна.
Иймээс энэ удаагийн шалгалт зөвхөн өрсөлдөгчөө намнах бус төрийн албыг жинхэнэ төрийн алба болгож, чанаржуулахын тулд чадвартайг нь үлдээж, чадваргүйг нь явуулахад чиглээсэй гэдгийг дахин сануулъя.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ