Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төрийн ордонд Пүрэв гаригт болсон семинарын үеэр өгсөн төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинд дүн тавих болсон тухай мессеж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн дуулианд дарагдаад өнгөрөв. Энэ бол товчхондоо улс төрд цэвэрлэгээ хийх У.Хүрэлсүхийн удиртгал хөгжим гэж хэлж болно.
Монголын улс төрийг донсолгосон “бүтээл” хийхийн тулд хэн нэгнээр эхлээд үг зохиолгож, дараа нь ая оруулж, эцэстээ алга ташуулахын тулд дуучин тайзан дээр гарч ирэх ёстой. Сайн бүтээл хийхэд үг, ая найруулга зохиомж нь яг таарсан байх нь ч чухал. Яг ийм зарчмаар У.Хүрэлсүх улс төрийн тайз руу алхаж явна.
Тайзан дээр ганцаараа гоцлох хүн эрсдэл, боломж, үр дүнг нь эхэлж тооцсон нь нэн ойлгомжтой. Тэр тусмаа төдийгөөс өдий хүртэл, унаж уруудаж, өвдөг шороодож, өгсөж үзсэн Цэргийн хурандаа хүний хувьд. Ард нь зогсох хоор түүнийг тодотгож өгөх фон болно. Гол нь түүний тоглосон концерт ард түмэнд таалагдах, алга ташуулах нь чухал.
Концертын эхлэл нь жижиг дундын зээлийн дуулиан байв. Сангийн сайдаар салхийг нь хагалуулж, араас нь залгуулаад төрийн жинхэнэ албан хаагчдыг үнэлэхээр болсон тухай Г.Занданшатараар мессеж шидүүлсэн нь тохиол хийгээд тохиолдол огтоос биш ээ.
Товчхондоо, жижиг дундын зээлийн шуугиан У.Хүрэлсүхийн удиртгал хөгжмийн эхний хэсэг. Учир нь, өнгөрсөн есдүгээр сард ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд шалгалт оруулах тухай үүргийг У.Хүрэлсүхийн зүгээс Сангийн сайдад өгсөн байдаг. Өдгөө энэ үйл явдал улс төрд түймэр тарьж, У.Хүрэлсүх хүний өөрийн хүмүүстээ тийрэн болоод буй юм. Авсан, өгсөн нь баримттай асуудлыг нь дэлгэн тавих бүрт Ардын нам намсхийж, У.Хүрэлсүх “өндөрсөж” байна. Удаах аяыг нь удахгүй тоглохоор ЗГХЭГ-ын дарга хөгжмийнхөө ард суулаа.
Засгийн газрын зүгээс Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Удирдлагын академи хамтарсан ажлын хэсэг гаргажээ. Шалгалтын дүн арванхоёрдугаар сард гарна. Аймаг, сум, дүүргийн засаг дарга нар болоод хамгийн их хүнд суртал, авлига, хахууль нуугдсан гэгддэг төрийн дунд шатны албан хаагчдын муу муухай бүхэн оргилуун дарстай хамт олон нийтийн хүртээл болно.
Олон хүн аягатай хоолноосоо хулгайлж идсэн нь жижиг дунд шиг задарна, дэлгэгдэнэ. Зарим нь ажил албан тушаалаасаа огцорч, бүр шорон явж ч магадгүй. “Дараагийнх нь Су. Батболд шүү” гэсэн мессежийг У.Хүрэлсүх өчигдөрхөн шидсэн. Угтаа бол түүнийг албан тушаалаас нь авч хаяхаа л зарласан хэрэг.
Монгол 180 мянган төрийн албан хаагчтай. Үүний 110 мянга орчим нь эмч, багш, цэрэг, цагдаа гэвэл үлдсэн нь оффиссын ажилтнууд. Үүнээс 40 мянга нь эвэртэн, сэтэртэн. Эдгээр эвэртэн, сэтэртэн болгоны идэж уусан бүхнийг дэлгэвэл бөмбөрцгийн бузар болж таараа.
Харин концертын өрнөлийг үргэлжүүлэхээр Сангийн сайд шинэ хөгжмийнхөө бэлтгэлд орлоо. Үүний нотолгоо бол өнөөдрийн чуулганы хуралдаан дээр хэлсэн “Ерөнхий сайд Засгийн газрын бүх санг шалгах захирамж гаргасан. Сангийн яамнаас ажлын хэсэг гараад шалгалтаа эхлүүлсэн. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, Сангийн сайдад бичиг ирсэн. Энэ сангуудыг өөрийн орлогоор нь санхүүжүүлэх ёстой гэх саналыг ирүүлсэн. Ер нь сангуудыг цаашид зөв механизмаар, ил тод, олон нийтийн оролцоог хангаад явуулах шаардлагатай байна” гэх үг. Ингээд жижиг дундын дуулианыг залгуулаад Засгийн газрын бусад тусгай сангуудаас идсэн уусан, авсан өгсөн мөнгөний хоор үргэлжилнэ. Жижиг дунд бол зөвхөн эхлэл, тэгээд жижигхээн бялуу гэж хэлээгүй юу.
Энэ мэт удиртгал хөгжмийн араас МАН-д томоохон цэвэрлэгээ өрнөнө. Гоцлол дуулаач гарч ирэх тайз цэвэрхэн байх ёстой. Ирэх 2020 оны өмнө МАН-д цэвэрлэгээ хийх У.Хүрэлсүхийн удиртгал хөгжмийг сонсоход нэг ийм л мэдрэмж төрж байна, үзэгч надад. Гэвч, гоцлол дуулаач маань жоомнуудаа алах гээд гэрээ л битгий шатаачихаасай даа.
Холбоотой мэдээ