Лам нар өөрсдөө үлгэрлэхийн чухлыг Ванчин Богд хэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Лам нар өөрсдөө үлгэрлэхийн чухлыг Ванчин Богд хэлжээ

Лам нар өөрсдөө үлгэрлэхийн чухлыг Ванчин Богд хэлжээ

ДЭЛХИЙН БУДДИСТУУДЫН ЧУУЛГАН

БНХАУ-ын Фужиан мужийн Путиан хотноо өнгөрсөн өдрүүдэд дэлхийн 56 орны буддын гүн ухааны тэргүүлэх мяндагтнууд, лам нар, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид хуран цугласан юм. Путиан хотын гудмаар улаан шар, саарал, цагаан хувцастай бурхны шавь нар суусан урт урт автобусны цуваа өглөө оройгүй хөврөв. Алхаж явсан хотын иргэд тэдний зүг бөхийн ёсолж, хүндэтгэн өнгөрүүлэх аж. Яарахгүй, даарахгүй алхацгаах Путианы оршин суугчид гурван сая. Буддын соёлын түүхэн дурсгалт газруудаараа алдартай энэ хотод өнгөрсөн өдрүүдэд Дэлхийн Буддистуудын 5-р чуулган болсон.

“Үсрэнгүй хөгжил, их өөрчлөлт, шинэ тохируулгын үйл явц өрнөж буй дэлхий ертөнцөд бид амьдарч байна. Энх тайван хийгээд хөгжил дэвшлийн асуудал хурц сэдэв хэвээр байгаагийн зэрэгцээ тогтворгүй, тодорхой бус байдал нүүрлээд буй. Буддын сургаал бол тэгш эрх, бодь сэтгэл, зохицонгуйн ухаан, энх тайван хийгээд харилцан суралцахуйн ухаан билээ. Тиймээс даян дэлхийд энх тайвныг тогтоох, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлооход буддын гүн ухаан чухал үүрэгтэй. Эртний “Торгоны зам”-аас эхлээд эдүгээгийн “Зам ба Бүс” санаачилгуудын түүх нь хүн төрөлхтний иргэншил, дэлхий даяараа энхийн замаар хөгжихөд буддын сургаал, номлол эерэг нөлөө үзүүлж ирснийг харуулдаг. Тиймээс Хятадын Засгийн газар буддын шашны байгууллагуудынхаа бусад оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замаар эх сайхан дэлхийдээ эвсэг зохицонгуй, харилцан хүндэтгэлтэй оршин тогтнох үйлсэд хувь нэмэр оруулах санаачилгыг дэмжих болно” хэмээн ХКН-ын Төв Зөвлөлийн УТТ-ны Байнгын Хорооны гишүүн Ван Янг чуулганы төлөөлөгчдөд баяр хүргэж ирүүлсэн мэндчилгээндээ дурджээ.

Мянга гаруй төлөөлөгчид оролцсон энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинаа сайн сайхан хамтын ирээдүйг цогцлооход буддын ном сургаалийн ач холбогдлын талаар харилцан ярилцаж, туршлагаа хуваалцсан үйл явдал боллоо.

Монгол Улсаас энэхүү арга хэмжээнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Монголын Буддын нийгэмлэгийн тэргүүн, Мамбадацан хийдийн хамба Д.Нацагдорж, Их Хүрээ хийдийн лам З.Санждорж болон орон нутгийн хийдүүдийн тэргүүн хамба нар, сэтгүүлчдийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улсаас ирсэн төлөөлөгчдийг 11-р Ванчин Богд хүлээн авч уулзаж ярилцсан. Ванчин Богд хэлсэн үгэндээ, “Монголд буддын шашны олон урсгал зэрэгцэн хөгжиж байгаа тухай дуулсан. Гэхдээ санаа тавих гол асуудал маань хүн төрөлхтний амар амгалан амьдрал, байгальд ээлтэй амьдрахуйн ухаанд бидний оруулах хувь нэмрийн тухай билээ. Хамгийн гол нь лам нар маань өөрсдөө буддын гүн ухаанаа сайтар ухан ойлгож, шавь нар хийгээд сүсэгтэн олноо ном эрдмээр үлгэрлэн манлайлах чухал гэж би санадаг. Монгол, Хятад орнууд өнө удаан жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй. Цаашид буддын гүн ухаан хийгээд соёлын хамтын ажиллагаа, харилцан айлчлалаар баяжигдан хөгжинө гэдэгт найдаж байна. Монголын нийт ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн юм.

Дэлхийн Буддистуудын 5-р Чуулганы хаалтын арга хэмжэээний эхний илтгэгч нь Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав байв. Тэрээр даян дэлхийд амар амгалан, хөгжин дэвжсэн ирээдүйг бүтээхэд өнөөдрийн эв нэгдэл, хамтын хүчин чармайлт чухал гэдгийг тэмдэглэсэн юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга гаруй лам нар нэг дор цугласан байхыг үзлээ. Азтай. Тэд даян дэлхийн энх тайван, ард олонд хүртээмжтэй хөгжил дэвшил, байгальд ээлтэй амьдрах ухаан, эвсэг зохицонгуй оршихуй гээд хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй олон чухал сэдвийг хөндөн хэлэлцэж, эдгээр асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд буддистуудын оруулах хувь нэмрийг шингээсэн хамтын тунхаг баталснаар өндөрлөв. Нэг анзаарсан зүйлээ онцолмоор байна. Түмэн газрын лам нар шар, улаан, саарал, цагаан гээд олон өнгөөр тунаравч цэвэр цэмцгэр үзэмж, буддын гүн ухаанаа сайтар судалсан бясалгагч төрх, өөр хоорондоо англи хэлээр чөлөөтэй ярилцан нэвтрэлцэж буй байдал нийтлэг оршиж байв. Магад бид монголынхоо лам нараас яг ийм хөгжил, шинэчлэлийг хүлээдэг байх.

ПУТИАН ХОТ, ДАЛАЙН БУРХАН МАЗУ

Хятадын зүүн өмнөд эргийн Фужян мужийн Путиан хот буддын шашны соёл түүхт газруудаараа алдартай хот билээ. Нийт 3 сая гаруй хүн амтай. Путиан хотын төвөөс машинаар  нэг цаг гаруй яваад далайн эрэг хүрдэг аж. Тэндээс усан онгоцонд суун хорин минут орчим яваад Мэйзоу арал хүрнэ. Мэйзоу арал дээр далайн бурхан Мазу шүтээнтэй Гуанхуа хийд бий. Энд мазу соёлын тэмдэглэлт өдрүүдээр томоохон баяр ёслолууд болдог уламжлалтай. Мазу нь 10-р зууны үед амьдарч байсан удган эмэгтэйн домгоос үүссэн бурхан аж. Тэрээр далай тэнгисийг захиран амгалан тайван байлгаж, загасчдыг ивээдэг гэж үздэг. Гуанхуа хийдийг уруудан далайн эрэгт хүрэхэд, Мазу бурхан эргийн цаахна усны мандал дээр амарч буй мэт тогтсон хадан арал байх юм. Нойрсож буй бурхан гэдэг нэртэй. Үнэхээр алжаалаа тайлан амарч буй мэт харагдаж байсан.

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж