ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Итали улсад айлчлахаа мэдэгджээ. Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригийн уур амьсгалыг зөөллөхөөр Итали улсын зүгээс түүнд айлчлал хийх урилга өгсөн байв.
Ерөнхий сайд Гуисеппе Контэгийн тэргүүлсэн, барууны чиг баримжаатай нам өдгөө Италийн Засгийн газрыг тэргүүлж байгаа бөгөөд тэд ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг хэзээнээс дэмждэг байсан юм. Өнгөрсөн сард Италийн Ерөнхий сайд Москвад айлчлах үеэрээ Путиныг Италид айлчлахыг урьсан байв. Харин өчигдөр /2018.11.01/ Кремлийн зүгээс урилгыг хүлээж авсан, мөн айлчлал хийх өдрийн тухай ярилцаж байгаа тухай мэдээллийг өгчээ.
2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс үүдэлтэйгээр Европын холбоо Орост хориг тавиад байгаа бөгөөд тэд баруун Европын улс төрийн тавцан дахь гол тоглогчдын нэг Италитай харилцаагаа сайжруулснаар хоригийг зогсоохыг эрмэлзэж байгаа юм.
Жузэппэ Контэ өнгөрсөн сард Орост айлчлах үеэрээ, “Бид хориг арга хэмжээг цуцлахыг дэмжиж байна. Ромын зүгээс ЕХ-ны улсуудыг үүнд ятгахад бэлэн байна” хэмээн хэлжээ. ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг Италийн 500 орчим компанийн удирдлагууд хориг арга хэмжээ нь тэднийг бизнес явуулахад ихээхэн саад учруулж байна хэмээн Ромыг шахамдуулах болжээ.
ЕХ-ны зүгээс Оросын банк, санхүү, эрчим хүчний салбарт тавих хоригоо өнгөрсөн долоодугаар сард шинэчилсэн бөгөөд хугацаа нь ирэх жилийн нэгдүгээр сард дуусах юм байна. Үүнтэй холбоотойгоор ЕХ-ны удирдлагууд Брюссельд удахгүй хуралдаж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөх ажээ.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ