Ангела Меркелийн дараа юу болох бэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийн дараа юу болох бэ?

Ангела Меркелийн дараа юу болох бэ?

Ангела Меркелийн Их эвслийн Засгийн газрыг бүрдүүлэгч намууд Германы Бавари болон Хессэн мужийн Ландтагийн сонгуульд хүлээсэн хүндхэн ялагдлын дараагаар улс төрд үүссэн давалгаа намжихгүй хөөсөрсөөр байна. Их эвслийг бүрдүүлж буй хоёр том нам болох Христосын Ардчилсан Холбоо Нам (ХАХН), Германы Социалдемократ Нам (ГСДН) тус бүр 20 орчим хувийн саналаа алдлаа. Үндэсний хэмжээнд явуулдаг санал асуулгын дүнгээр эдгээр намын рейтинг чөлөөт уналтаар унаж байна. Сүүлийн 18 жилийн туршид ХАХН-ын даргаар ажиллаж буй Ангела Меркел намынх нь зүгээс түүнд үзүүлж байгаа хүчтэй дарамтад хүчин мөхөсдөж, ХАХН-ын намын даргын суудлаасаа бууна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Намын даргын суудлаасаа буусан ч 2021 он хүртэл Канцлер хэвээрээ үлдэх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Түүний орыг залгамжлах намын шинэ дарга нь түүний энэ хүсэлтийг хүлээн авах магадлал бараг үгүй. Түүний эрин үе ийнхүү төгсгөлдөө ойртож байна.

Одоогоор ХАХН-аас Ангела Меркелийн орыг залгамжлах хүсэлтэй зургаа нэр дэвшигч тодроод байна. Нэр дэвшигчдийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай. Энэ бол тус намын хувьд сонин үзэгдэл юм. Өмнө нь намыг гадагшаа эв нэгдэлтэй харагдуулахын тулд намын даргын суудалд өрсөлдөгч нэр дэвшигч байх нь ховор байсан бөгөөд дотроо тохироо хийдэг уламжлалтай байсан юм.

Эдгээрээс дөрөв нь сонгогдох магадлал өндөртэй нэр дэвшигч хэмээн тооцогдож байна. Өдгөө ХАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй, өнгөрсөн жилийг хүртэл Германы хамгийн жижигхэн муж улс болох Саарландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Крамп Краммбауер (56 настай, эмэгтэй) нь хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч. Крамп Краммбауер нь Ангела Меркелийн үнэнч түшиг, шүтэн бишрэгч тул хэрвээ намын даргаар сонгогдох юм бол маргаан дагуулаад байгаа ижил хүйстэн гэр бүлийг зөвшөөрөх, цагаачдад илүү нээлттэй болох зэрэг Меркелийн либерал бодлогыг үргэлжлүүлэх болно. ХАХН-ын хувьд Краммбауерыг намын дарга болох нөхцөлд бодлогын шинэчлэл хийхийн оронд намын нүүр царайгаа шинэчлэх замаар нэр хүндээ өсгөх оролдлого хийх байх.

Өөр нэг нэр дэвшигч Амин Лашет (57 настай, эрэгтэй) намын даргаар сонгогдсон нөхцөлд Меркелийн бодлогыг мөн үргэлжлүүлэх болно. Харин Германы хамгийн том муж улс Нордрайн- Вестьфален муж улсын Ерөнхий сайд Амин Лашет ялах магадлал өндөртэй нэр дэвшигчийн тоонд багтаад байгаа боловч сайд асан өнөөг хүртэл албан ёсоор нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээгүй хүлээлт үүсгэсээр байна.

Харин нөгөө хоёр нэр дэвшигч намын дарга болсон тохиолдолд бодлогын шинэчлэл хийгдэх магадлал өндөр. Фридрих Мерц нь Меркелийн эрин үе дөнгөж эхэлж байх үед ХАХН-ын Бундестаг дахь бүлгийн даргаар ажиллаж байсан юм. Тухайн үед Мерц нь ХАХН-д Меркелийн хамгийн том өрсөлдөгч байсан ч эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд Меркелд гараа өргөөд бууж өгсөн юм. Түүнээс хойш тэр улс төрөөс холдсон бөгөөд  өнөөг хүртэл өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Мерц намын дарга болчихвол ХАХН өөрийн уугуул үзэл баримтлал болох эдийн засгийн либерал бодлого руугаа (төрийн нөлөөг бууруулж зах зээлийг аль болохоор чөлөөлөх) эргэх болно. Түүнээс гадна Мерц Дотоодыг хамгаалах бодлогыг чангатгаж цагаачлалын эсрэг чиглэсэн, зөвхөн дотоодын аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулсан бодлогыг хэрэгжүүлэх болно. Консервативчуудын залуу үеийн төлөөлөл, өдгөө холбооны Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй болох Женс Шпаан (38 настай, эрэгтэй) дөрөвдөх нэр дэвшигч бөгөөд өнгөрсөн хугацаанд Меркелийг хурцаар шүүмжлэгч  гэдгээрээ танигдсан нэгэн.

ХАХН-ын даргын сонгуулиар хэн гэдэг хүн  намын дарга болох нь шийдэгдэхээс гадна тус намын бодлогын шинэ чиг хандлага тодорхойлогдох болно. Крамп Краммбауер намын дарга болсон нөхцөлд Ангела Меркелийн явуулж ирсэн зүүн-төвийн бодлогын чиг хандлагыг үргэлжлүүлэх үү? Эсвэл Шпаан Мерц хоёрын нэг нь намын дарга болсноор ХАХН-ын бодлогын чиг хандлага консерватив язгуур эх рүүгээ буцаад эргэх үү? Тэгвэл ГСДН-д зүүн төвийн бодлогын талбарыг дангаараа эзэгнэх боломжийг олгох уу? Өнгөрсөн хугацаанд Ангела Меркел идэвхтэй нийгмийн баримжаат төртэй байх зорилтод бодлогоо төвлөрүүлсний улмаас ГСДН ба ХАХН хоорондоосоо ялгарахаа байлаа гэдэгт шүүмжлэл газар авсан юм. Энэ шүүмжлэлийн сүүдэрт ГСДН  хамгийн их халхлагдаж байлаа. ХАХН-ын бодлогын чиг хандлага баруун тийш эргэж, дотоодын зах зээлээ хамгаалах, хилээ хаах цагаачлалын бодлогод чиглүүлэх аваас 2017 оноос Бундестагт суудалтай болоод байгаа үндсэрхэг үзэлтэй Германы Төлөөх өөр сонголт намыг тун хүнд байдалд оруулах байх. Ингэсэн нөхцөлд ХАХН Ангела Меркелийн тун амжилттайгаар ГСДН болон Ногоон намаас урвуулан авсан бүх сонгогчийг алдах болно. Ингэснээр ХАХН Бундестагийн дараагийн сонгуулиар 25 орчим хувийн санал авах магадлалтай бөгөөд энэ нь тус намын хувьд түүхэн доод амжилт байх болно.

Дээрээс нь нэмээд хэлэхэд Германы улс төрийн намуудын орчинд бий болоод байгаа том намууд нь жижигрээд жижиг намууд нь томроод байгаа шинэ хандлагын нөлөөн доор ХАХН-д бодлогын шинэ чиг хандлагаа хэрэгжүүлэх эрх мэдэл дутах болно. Олон арван жилийн туршид давамгайлж ирсэн ХАХН ба ГСДН-ын илүүрхэл төгсгөл болно. ХАХН ба ГСДН-ын санал 1970-аад онд нийлбэр дүнгээрээ 70-80 хувьд хүрч байсан бол сүүлийн үед явуулсан судалгаагаар нийлбэр дүнгээрээ 40 хувь орчим болтлоо буурах бололтой. Энэ хандлага цаашаа үргэлжилбэл ирээдүйд Германы Бундестагт тус бүрдээ 10-25 хувийн санал авсан хүч тэнцүү зургаан нам өрсөлдөх болно.

Үр дүнд нь Германы улс төрийн орчинд урьд өмнө үзэгдэж харагдаагүй цоо шинэ нөхцөл үүсэх бөгөөд сонгууль бүрийн өмнө консерватив үзэл баримтлалтай ХАХН, социалдемократ үзэл баримтлалтай  ГСДН, либерал үзэл баримтлалтай Чөлөөт Ардчилсан Нам, экологийн үзэл баримтлалтай Ногоон нам, социалист үзэл баримтлалтай Зүүний нам, үндсэрхэг үзэлтэй Германы Төлөөх өөр сонголт намуудын хэдэн хувийн санал авах нь оньсого мэт тааварлашгүй байх болно.

Энэ нь сонгогчдын улс төрийн намуудаас хүлээх хүлээлт өөрчлөгдсөнтэй холбоотой. Олон жилийн туршид ХАХН нь консерватив үзэлд үнэнч хөдөөгийн хүн ам, ГСДН нь аж үйлдвэрийн ажилчдын саналд тулгуурлан амжилт үзүүлсээр ирсэн. Тэгвэл эдгээр бүлэг жижгэрсээр байна. Германы нийгэм жижиг бүлгүүдэд хуваагдаж тэдний явцуухан хүслийг ямар нэгэн харилцан буулт хийхгүйгээр төлөөлдөг намуудыг сонгодог болжээ. Ард түмний томоохон хэсгийг эгнээндээ нэгтгэн тэдний ашиг сонирхлыг төлөөлдөг байх зорилго бүхий ард түмний хоёр том нам сонгогчдын тоо бүхэлдээ нэмэгдэж буй нөхцөлд шаардлагагүй болжээ. Хуучны ард түмний намууд байгаль орчны өндөр ухамсартай, өндөр боловсролтой том хотуудын хүн амын хувьд гал цогтой үндсэрхэг үзэлтнүүд, чөлөөт зах зээлийг тууштай хамгаалагчдын нэгэн адил хоцрогджээ. Ирээдүйд уугуул сонгогчид болон уламжлалт концепцдээ найдах найдвар аль ч намд үгүй болсон. Шинэ санаа, шинэ гишүүдийн төлөөх эрчимтэй өрсөлдөөнд хэн хурдан нь хэн  илүү стратегитай нь ялах болно. Ялагчид нь тэгвэл зөвхөн сонгон авсан сэдвүүд дээрээ төвлөрдөг, цөөн тооны гишүүдтэй учраас цомхон бүтэцтэй жижиг намууд байх болно. Өнөөг хүртэл ХАХН болон ГСДН-д ирээдүйд сонгогчдын томоохон хэсгийг нэгтгэх шинэ санаа, хүч тэнхээ байхгүй гэдгээ харуулаад байна. Энэ байдалд Ангела Меркел зайгаа тавьж өглөө гээд юу ч өөрчлөгдөхгүй. Зөвхөн удаан хугацаанд амжилттай үргэлжилсэн нэгэн Канцлерийн эрин үе л төгсгөл болох болно. Өнөөгийн өндөрлөгөөс харахад ард түмний том намуудын төгсгөл ч мөн ойртож буй мэт харагдана.

Энэ бол Германы улс төрийг доргиох том өөрчлөлтүүдийн зөвхөн эхлэл юм.

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж