"Монгол бахархлын өдөр"-ийн үдэш “Монголын өглөө”-г сонсоорой

Хуучирсан мэдээ: 2018.11.02-нд нийтлэгдсэн

"Монгол бахархлын өдөр"-ийн үдэш “Монголын өглөө”-г сонсоорой

"Монгол бахархлын өдөр"-ийн үдэш “Монголын өглөө”-г сонсоорой

Уужим талдаа адуу тургилж идээшилнэ

Уулсаас тасарч наран мандаж хөөрнө өө

Уудам Монголд өглөө мэндлэхэд

Уурга барьсан адуучин уртын дуу аялана аа хэмээх мөрүүд “Монголын өглөө” дууны шүлгийн хэсэг билээ. Энэхүү шүлгийн эзэн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч У.Баярсайхан Монгол бахархлын өдрөөр хоёр дахь бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр “Монголын өглөө” тоглолтоо арваннэгдүгээр сарын 8-д "UB Palace"-ийн концертын танхимд үзэгч түмэндээ хүргэнэ.

Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-Таны шүлэг бичих болсон түүхээс яриагаа эхэлье. Анхны шүлгээ хэдэн настайдаа бичиж байв?

-Яруу найрагчдын түүхийг харж байхад шүлэг бичих үе нь өөр өөр байдаг. Ихэнх найрагчид бага насандаа шүлэг бичсэн байдаг. Миний хувьд дунд сургуулийн ахлах ангид буюу есдүгээр ангиасаа эхлэн шүлэг бичиж эхэлсэн. Бага байхын уран зохиолын хичээлд дуртай байсан минь нөлөөлсөн байх. Мөн аравдугаар ангийн төгсөх жилээ яруу найргийн наадамд орж түрүүлснээр улсын “Хүрэл тулга” наадамд оролцсон түүхтэй. Энэ наадмаас Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд суралцах эрх авч билээ. Аав минь шүлэг бичдэггүй ч хааяа хүнийг шоолж, цаашлуулдаг бэлэн цэцэн үгтэй хүн байсан. Магадгүй надад энэ нь сайхан санагдаж, шүлэг бичихэд нөлөөлсөн байх.

-Таны хувьд анхны уран бүтээлийн тоглолтоо 2008 онд хийж байсан гэсэн. Тухайн үед уран бүтээлийн тайлан тоглолт хийх хэмжээнд хүрсэн байжээ?

-Оюутан цагаасаа хийж бүтээсэн дуугаараа 2010 онд Бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийж байсан. Тухайн үед тоглолт хийх болоогүй гэж зэмлэх хүн олон байсан даа. Нямбуугийн Баянмөнх гэж миний багш тоглолтыг минь найруулж өгч байлаа. Тэр үеийн сайхан дурсамж надад их урам зориг өгч байсан. Энэ удаагийн тоглолтын бэлтгэл ажил сайхан хангагдаж байна. “Монголын өглөө” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Алтайн халиун” групп ажиллаж, надад ийм сайхан боломжийг олгож байгаад би талархаж сууна. Уран бүтээлийн хувьд сонголт ихтэй болсон болохоор олон сайхан бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэхээр бэлтгэж байна.

-Тоглолтоо “Монголын өглөө” гэж нэрлэсэн нь учиртай байх?

-“Монголын өглөө” дууг “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар дуулж олны хүртээл болгосон. Энэ дууг хоёр жилийн өмнө анх бичиж байсан. Хөгжмийг Д.Дорлиг зохиосон. Монгол бахархлын өдөр тоглолтоо хийхээр болсон учраас ийн нэрлэсэн байгаа. Тоглолтын тухайд мэргэжлийн уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог болж байна. Мөн Ш.Бямбацогт, Б.Ганбаатар, Н.Баярмаа, Б.Гантигмаа, Г.Алтанбагана нарын нэвтрүүлэгчид шүлэг уншина. Дуучдын тухайд Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, Х.Болормаа У.Далантай, Ө.Уянга гавьяат нараас гадна поп дива С.Наран, Л.Чулуунбаатар, Б.Болдбаатар, Э.Төрмандах нарын олон уран бүтээлчид оролцоно. Магадгүй бусад гэнэтийн содон зүйл байгаа учраас үзсэн үзэгч түмэндээ үлдээе. Би бас зарим зүйлийг мэдэхгүй учир нууц байлгая.

 -Та хөгжмийн зохиолчдоос хэнтэй нь илүү хамтарч ажиллаж байна?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нарын хөгжмийн зохиолчидтой хамтран ажилласан. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дорлигтой сүүлийн үед олон уран бүтээл дээр ажиллаж байна. Миний хувьд мэргэжлийн уран бүтээлчидтэй илүү ойр ажиллахыг зорьдог. Миний нийт 32 дуу бэлэн болсон байна. Эндээсээ шигшиж байгаад 15 дууг “Монголын өглөө” тоглолтод багтаасан. Тоглолтын үеэр нэвтрүүлэгчид миний шүлгээс уншина.

-“Монголын өглөө” дууг хэн сайхан дуулах вэ гэсэн уралдааныг зарласан байна. Уралдааны дүн гарсан уу?

-Энэ уралдааныг онлайн хуудсаар дамжуулан зарлахад оролцогчид маш идэвхтэй хандсан. Энэ дуу хүмүүст хэрхэн хүрч байна вэ гэсэн зорилгоор уралдааныг анх санаачилсан. Гэтэл оролцогчид маш идэвхтэй байгаад хугацааг сунгасан. Орон нутгийн иргэд идэвхтэй оролцож, малчид, уяачдаас оролцох хүсэлтэйгээ явуулсан байна. Энэ уралдаанд хэн түрүүлэхээс илүүтэй “Монголын өглөө” дуу хүмүүсийн сэтгэлд хэрхэн хүрч байгаа нь уралдааны хугацааг сунгахад хүргэж байна.

-Сэтгүүлчийн ажлын хажуугаар шүлгээ бичих гээд таны авьяас дундаршгүй байна. Шүлгээ ямар үед бичдэг вэ?

-Яруу найрагч бүр шүлэг бичих нь янз бүр байдаг. Миний хувьд намрын улиралд илүү их бичиж суудаг. Бас өглөө эрт шүлэг бичих үе их байна. Би одоо аавыгаа их бодож суудаг. Тэнгэрийн орноос хүүгээ сонсож байгаа гэдэгт ч итгэдэг. Аавдаа зориулж гурван дуу бичсэн. Би 2010 оноос хойш сэтгүүлчээр ажиллахын хажуугаар яруу найргийн бүтээлээ гаргасаар байгаа. “Бөгтөр сарны гэгээ” анхны шүлгийн номоо оюутан байхдаа гаргаж байсан бол “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн,”Танихгүй танил” нэртэй ярилцлагын номтой болжээ. Үүнээс гадна “Хүү нь таньдаа”, “Ундраагийн Баярсайхан” гээд хоёр цомог гаргасан байна. Энэ удаа Монгол бахархлын өдрөөр “Монголын өглөө” тоглолтоо сонгосонд олзуурхаж бас түгшиж сууна. Анхны тоглолтоо хийж байсан тэр үеийн айдас бага зэрэг дарагдсан ч гэлээ ард түмэндээ сайхан уран бүтээлээрээ нэгэн үдэш уулзах болсонд талархаж байна.

Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Монголын өглөө” тоглолтод “Нар зөв Монгол”, “Алсад хүрэх замд”, “Хүсэл”,  “Болзоо” зэрэг олон уран бүтээл багтсан байна. Мөн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч нар оролцож түүний шүлгээс унших юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж