Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдынхаа албыг өгч, ажлаасаа чөлөөлөгдөж буй. Засгийн газрын зүгээс Б.Батзориг сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, УИХ оруулж ирэх ёстой. Одоогоор Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээгүй, УИХ-д Б.Батзориг сайдыг огцруулах асуудлыг оруулж ирээгүй бөгөөд ирэх долоо хоногт сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэхээр яригдаж байгаа гэнэ.
Тэгвэл МАН-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх, УИХ-аас байх уу эсвэл давхар дээлгүй байх уу гэх зэрэг асуудал фракц, бүлэглэлүүдийнх нь дунд яригдаж эхэлжээ. Зарим гишүүдийн зүгээс энэ удаад давхар дээлгүй, мэргэжлийн хүнийг томилох ёстой гэж үзэж байгаа бол МАН-ын залуу гишүүд дунд дараагийн сайд болохоор ах нараа тойглож яваа гишүүн ч байгаа аж. Мөн зарим нь эмэгтэйчүүдийн квотыг дэмжиж, энэ салбарт эмэгтэй хүн томилох ёстой гэж үзэж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр ч дараагийн сайдын нэрс дунд явж буй. Сошиалаар ч албан бусаар санал асуулга явуулж, энэ жагсаалтыг Б.Саранчимэг гишүүн тэргүүлсэн, одоогийн эмэгтэй гишүүдээс сайд болох тохиромжтой гэх бор шувуу ч Төрийн ордонд нисч байлаа. Албан бусаар бол ХХААХҮ-ийн сайдын квот бол 33-ын бүлгийнх. Тиймээс ч дараагийн сайдын “өрсөлдөөн” 33-ын бүлэгт явагдах болов уу гэсэн таамаг байсан. Тиймдээ ч дараагийн сайдад хэд хэдэн хүний нэрс яригдаж байгаа юм.
Б.Батзориг сайд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Л.Элдэв-Очир нарын нэрс ч яригджээ. Харин энэ дундаас хамгийн боломжтой хүн нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг дараагийн сайд болно гэх яриа хамгийн хүчтэй яригдаж байсан.
Гэвч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд өөрөө сайд болохгүй гэдгээ намын нөхөддөө хэлж, нэрээ татсан байна.
Ийнхүү дараагийн сайд хэн болох вэ гэдэг асуудал хэд хэдэн удаагийн “өрөөний” уулзалтуудаас тодорхой болж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн нарын аль нэгийг нь сонгохоор ярилцжээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд анх удаа сонгогдсон, хуульч мэргэжилтэй, гэхдээ төрийн албанд олон жил зүтгэсэн нэгэн. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хувьд анх удаа сонгогдсон, олон улсын харилцааны мэргэжилтэй, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Ийнхүү хэд хэдэн уулзалтаар яригдсаны эцэст УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилохоор санал нэгдээд байгаа аж.
Одоогийн сайдыг албан ёсоор огцруулж, дараагийн сайдыг томилохоор оруулж ирэхээс өмнө улс төрийн тоглолт өөрчлөгдөхгүй л бол МАН-ын 33-ын бүлэг Д.Тогтохсүрэнг сайд болгохоор тохиролцсон гэж эх сурвалжууд хэлж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ