Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхан шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. Энэ жил 110 насыг зооглож буй сүмийн барилга байгууламж он цагийн салхинд элэгдэж хуучраад өнгө нь гандаад уджээ. Эрүүл мэндээ тордолгүй явсаар өвчиндөө шаналж буй өвчтөн шиг музейн барилгыг сэргээн засварлаагүй удсанаас хана тааз нь чимээгүйхэн ёолох болов. Дээврээс нь дусаал гоожих нь энүүхэнд аж. Гэтэл уг музейд түүх соёлын хосгүй үнэт 6000 гаруй өв, эд өлгийн зүйлс бий. Түүний дотор Өндөр гэгээн Занабазарын сонгодог бүтээл, Чойжин лам Лувсанхайдав гуайн хэрэглэж байсан эд зүйл, тахил шүтээн хадгалагддагаараа онцлог. Тус сүм, музейг Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын номын үйл хэрэгт зориулан босгосон нь эдүгээ гадаад, дотоодын жуулчид хамгийн их сонирхож үздэг ч ая тухгүй орчинтой гэх гомдол, шүүмжлэл тасардаггүй гэнэ. Харамсалтай нь төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй учраас стандартад нийцсэн шинэ барилга байгууламжтай болох шаардлага үүсчээ.
Чойжин ламын сүм музейг 1904-1908 онд нутаг бүрээс ирсэн 300 гаруй шилдэг урчуудын хүч хөдөлмөрөөр бүтээн босгосон гэдэг. Ингээд тус музейн захирал Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Энэ жил Чойжин ламын сүм үүсгэн байгуулагдсаны 110 жил, музейн 80 жил гээд тэгш ой тохиож байгаад та болон танай хамт олонд баяр хүргэе. Ойг угтаад хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөж буй бодлого төлөвлөлтийн талаар ярилцлагаа эхэлье?
– Бид түүхэн ойгоо тохиолдуулан хэд хэдэн ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. Жил бүрийн тавдугаар сарын 18-нд дэлхийн олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уламжлал ёсоор энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн тавдугаар сарын 18-нд бид Австрали улсын иргэн Рожер Перригийн санхүүгийн дэмжлэгтэйгээр МУЗ-тэй хамтран “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгаа”-г хоёр жилийн туршид эрдэмтэн судлаачдаар есөн төрлийн судалгааг хийлгэж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан олны хүртээл болгосон. Мөн бид Монгол контент компанитай хамтран “МААМУУ” брэндийг музейд нэвтрүүлэн анх удаа монгол-англи хэлээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон “ААМИ ТААМИ ХОЁР МУЗЕЙГЭЭР АЯЛСАН НЬ” нэртэй номыг хэвлүүлж хүүхдүүдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ номд Аами, Таами хоёр манай музейгээр аялсан тухай өгүүлдэг. Музейн 110 жилийн ойг тохиолдуулан “Монгол төрийн сахиусны өргөө” гэрэл зургийн үзэсгэлэн, цомгийг олон нийтийн хүртээл болгосон. Тус ном нь монгол-англи хэлээр бичигдсэн тайлбартай.
Түүхэн гэрэл зургуудаас Чойжин ламын сүм үүсгэн байгуулагдсан цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх замналыг харж болно. Тухайн үед манай музей модон хайсан хашлага, нарийн ур хийц бүхий чулуун дурсгалууд, сүмийг тойрсон олон барилга байгууламж байсныг гэрэл зураг гэрчилж байна. Түүнчлэн бид музейд хадгалагдаж буй шүтээн зургийн бүтээлүүдээс дээжлэн “Шүтээн зургийн урлаг” судалгааны бүтээлийн монгол-англи хэлээр эрхлэн гаргасан. Шинэ номын нээлтээ тун удахгүй хийхээр төлөвлөсөн. Сүүлийн таван жилийн турш “Бүтээлч хүүхдүүд” үйл ажиллагааг “Хүүхэд бүр хөөрхөн” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ нь хүүхдүүдийн урлагийн боловсрол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн урамшуулах зорилготой хөтөлбөр юм. Бид хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон урлагийн тэмцээн уралдааныг зохион байгуулж хүүхэд бүрийн урамшуулж ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд манай гудамж талбайг цэвэрхэн байлгадаг СБД-ийн ТҮК-ийн ажилтнуудын 100 гаруй хүүхэд, дауны синдромтой хүүхдүүд, сонсголын бэрхшээлтэй эцэг эхтэй 100 гаруй хүүхэд зэрэг зорилтот бүлгийг хамруулан ажилласан. Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр гарын бэлэгтэй буцдаг.
– Өв соёлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилгоор 2011 оноос “Шөнийн сүм музей” төслийг санаачилж хэрэгжүүлсэн нь залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэг боломжийг олгосон. Улирал харгалзахгүй бол музейг зорих залуус ч их байх болов уу?
– Бид “Шөнийн музей” төслийг 2011 оноос хойш хэрэгжүүлж байна. Би ХБНГУ-д улсад сурч байхдаа “Шөнийн музей”-г үзсэн. Ингээд 2006 онд музейд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч тухайн үедээ ажил болж чадаагүй. Анх 2011 онд зохион байгуулахад үзэгчид маш их сонирхож байсан. Бид үзэгчдийг татах музейг сонирхолтой байлгах үүднээс энэ төслийг санаачилсан. Залууст ажлаа тараад чөлөөт цагаараа музей үзэх боломжийг “Шөнийн музей” олгосон гэж боддог. Энэ ажлыг хэрэгжүүлснээс хойш бид тодорхой хэмжээний байнгын үзэгчтэй болсон. Бид сүүлийн дөрвөн жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг төрөл бүрийн үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд хүргэн, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтарсан урлагийн бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ нь соёлын биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Чойжин ламын сүм музей нь бусад музейгээс ялгарах хоёр онцлог байдаг. Нэгдүгээрт, 110 жилийн өмнө сүм хийдийн зориулалтаар баригдсан барилга байгууламжид байрладаг, төвийн халаалт, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй юм. Орчин нөхцөлийн хувьд хүйтэн сэрүүн. Зуны улирлаас бусад улиралд музей их хүйтэн тул үзэгч үйлчлүүлэгчид даарч бээрэн музейг тав тухтай үзэж чаддаггүй. Бид халаалтгүй тул ажлын өрөөндөө тень залгаад л сууж байна. Музей хашаандаа байрлах гүний худгийн усаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Гэтэл 2017-2018 онд хийгдсэн дээр дурдсан эрсдэлийн нөлөөллийн судалгааны үр дүнд бидний ууж хэрэглэж байсан гүний худгийн ус нь газрын тосны агууламжтай болох нь тогтоогдсон. Өмнө нь бид 2010 онд усаа мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэхэд ундны хэрэглээнд ашиглаж болно гэж дүгнэгдэж байсан. Гэтэл музейн эргэн тойронд байрлах авто зогсоол, автомашины хөдөлгөөнөөс үүдэн ундны хэрэглээний ус газрын тосны агууламжтай болсныг судлаачид нотолсон. Ер нь ажлын байрны орчин нөхцөл хүнд тул бид цаашид музейн стандарт, олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэнгийн танхим, сан хөмрөгийн өрөө бүхий барилга байгууламжтай болох хэрэгцээ шаардлага байна.
Хоёрдугаарт, Бусад музейнүүд зориулалтын сан хөмрөгийн өрөө, үзэсгэлэнгийн танхимтай байдаг. Үзэсгэлэнгийн танхимын багтаамжаас шалтгаалан нийт сан хөмрөгийн 30 хүртэлх хувь нь байнгын үзүүллэгт байдаг бол манай музейн хувьд нийт сан хөмрөгийн 90 гаруй хувь нь байнгын үзүүллэгт буюу таван сүмд байрлаж байна. Иймээс нэг ирсэн үзэгч дахин ирэхэд музейн үзүүллэг дэглэлт солигдоогүй хэвээрээ л байх тул бид үзэгчдийг татах төрөл бүрийн ажлыг сэдэж зохион байгуулахыг эрмэлзэн ажилладаг. Эдгээрийн нэг нь “Шөнийн музей” үйл ажиллагаа юм.
-Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд усталгүй үлдсэн цөөн хэдэн сүм байдгийн нэг нь Чойжин ламын сүм музей. Чухам яаж өнөөдрийг хүртэл уламжлалт хэв маягаа хадгалж ирсэн нь хүмүүст сонин санагддаг байх?
– Хэлмэгдүүлэлтийн цаг үед 1000 гаруй сүм хийд устаж үгүй болсон. Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхан шашны түүх, соёлд холбогдох өвийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулсан анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч тэрхүү гэр өргөө шатсан байдаг. Иймээс тухайн үеийн “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн сонгож 1904-1908 онд 300 гаруй урчууд бүтээн байгуулжээ. 1918 онд хутагт Лувсанхайдавыг жанч халсны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номын үйл ажиллагаагаа таслалгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл үед хүрсэн. 1930-аад онд төр, засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг хаасан байдаг. Иймээс 1930-аад оны эцэст шашин номын үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон олон сүм хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв.
1930 онд Оросын уран барилгачин Васильев, 1937 онд Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу одоогийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд Чойжин ламын сүмийг үзэж, уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон нь төр засгийн тэргүүн нарын сонорт хүрч, 1938 онд ерөнхий сайд А.Амар, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн мэдэлд шилжүүлжээ. Ингэснээр тус сүм нь Монголчуудын бүтээсэн шашин, соёлын их өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий соёлын байгууллага болж өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн юм.
– Дэлхийн улс орнуудад эд өлгийн зүйлс, хосгүй үнэт олдворуудаа эх хувилбараар нь музейд дэлгэдэггүй хуулбарыг нь тавьдаг болсон. Энэ нь музейг тийм ч найдвартай биш гэж үздэгтэй холбоотой. Эсрэгээр нь манайд эх хувилбараар нь дэлгэж үзүүлдэг. Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
– Монголчууд бид их азтай хүмүүс. Бүх үзмэрийг эх хувиар нь үзэж байна. Дэлхий дахинд эх хувь асар үнэтэй бөгөөд үнэт үзмэрүүдээ хуулбарлан үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна. Хосгүй үнэт гэж үнэлж буй үзмэрийн үнэ хэзээ ч буурахгүй. Иймээс хадгалалтын орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна. Ийм үнэ цэнтэй зүйлийг хадгалж хамгаалж байгаа хүмүүсийн хувьд хамгаалах тал дээр маш их анхаарах хэрэгтэй юм.
– Танай музей сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, аюулгүй нөхцөл байдлыг хангаж чаддаг уу. Музейд өнөөдөр ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Үзмэрүүдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Дээврээс бороо орж, дусаал гоожиж байхад хадгалалт хамгаалалт ямар байх нь ойлгомжтой. Энэ тал дээр төр засгаас анхаарч хөрөнгө шийдвэл сайн байна. Хуулиараа түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тусгай зөвшөөрөл бүхий компани сэргээн засварлах эрхтэй байдаг. Музейн ажилтнууд ямар нэгэн сэргээн засварлах ажил хийх хориотой. Бид дээврийн асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг харьяа яаманд хүргүүлсэн байгаа. Энэ асуудлыг шийдэхээр төсөв хөрөнгө нь яригдаад л байгаа. Одоохондоо шийдэгдээгүй л байна.
Өөр нэг асуудал нь музейн сэргээн засварлалтыг 1970 оны үед бүхлээр нь хийж байсан. Үүнээс хойш сэргээн засварлах ажлыг гал унтраах маягаар хэсэгчлэн зассаар өнөөдрийг хүрсэн. Дээврээс бороо ороход тухайн хэсгийг нь засна, нөгөө хэсэгт асуудал үүсэхэд тэр хэсгийг л засах байдлаар сүүлийн жилүүдэд явж ирлээ. Өмнө нь өөрийн тань асууснаар сүмийн дээвэр дээр гялгар уут тавьж, элсээр хучсан байдалтай л байна. Уг нь музей гэдэг чинь үзэмжтэй сайхан, үзэсгэлэнтэй байх ёстой.
– Хүмүүсээс ихэвчлэн ямар гомдол санал ирдэг вэ?
– Дотоод, гадаадын жуулчдаас музейг халаалтгүй хүйтэн байна гэх гомдол ирдэг. Физикийн хүрээлэн Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран төвийн шугам сүлжээнд холбогдох боломжтой эсэхийг судалсан. Энэ сүмийг халуун дулаан орчинтой байлгахын тулд дулаан алдалтыг арилгах ёстой. Судалгаагаар музейг дулаан байлгах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд цаашид сүм музейн хашаанд төвийн халаалт, шугамд холбогдсон барилга байгууламжтай болох хэрэгцээ шаардлага үүссэн. Музей хамгаалалтын бүсээ баталгаажуулсан хоёр га кадастрын зураг, гэрчилгээтэй болсон. Гэтэл гэрчилгээг сунгахгүй гурван жил болж байна.
– Соёлын биет өвийг хадгалж хамгаалахад олон асуудал тулгардаг байх. Бодлогын хүрээнд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажил юу байна?
– Бодлогын түвшинд нэн тэргүүнд сэргээн засварлалтыг хийх концепцтой болох хэрэгтэй. 1980-аад онд сэргээн засварлах газар байсан. Энэ байгууллага татан буугдсанаас хойш Монголд соёлын үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалтыг судалж, шинжилдэг байгууллагагүй болсон. Нэг үгээр хэлбэл эзэнгүйдсэн. Бид бодлогын хэмжээнд түүхэн дурсгалт газрыг судалж шинжилдэг байгууллагатай болох зайлшгүй шаардлагатай байна.
– Таны бодлоор 20 жилийн дараа Монголын музей ямар түвшинд байх бол?
– Техник хэрэгсэл хөгжиж байгаа ч хүний нөөцийг хөгжүүлэх сургалт судалгаа дутагдаж байна. Соёлын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг гадаад оронд мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх замаар өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
– Чойжин ламын сүм нь өөрөө маш олон нэртэй гэдэг. Хүмүүст “нууц тарнийн сүм” гэх нэрээрээ хүмүүсийн дунд алдаршсан нь ч бий?
– Чойжин ламын сүм музей нь Махаранз, Гол, Занхан, Зуу, Ядам, Өндөр гэсэн сүмүүдээс бүрддэг. Музейн Ядам сүм бол Чойжин лам Лувсанхайдавын нууц тарнийн, бясалгалын сүм юм. Ядам сүмд нууц тарнийн, ядам бурхад хадгалагдаж байна. Сүм хийдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад хөл хориотой байсан гэдэг. Зөвхөн Чойжин лам Лувсанхайдав орох бөгөөд уг сүмд бясалгал үйлдсэний дараа Занхан сүмийн хойморт байрлах Богд хааны сэнтийн ард байрлах нууц хаалгаар сүм рүү дамжин орж Чойжин буулгадаг байсан түүхтэй. Тийм учраас хүмүүс “нууц тарнийн сүм” гэж онцолж нэрлэдэг.
Холбоотой мэдээ