“Дуртай ажлаа хийгээд, элэг бүтэн амьдрах нь монгол мөрөөдөл”

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

“Дуртай ажлаа хийгээд, элэг бүтэн амьдрах нь монгол мөрөөдөл”

“Дуртай ажлаа хийгээд, элэг бүтэн амьдрах нь монгол мөрөөдөл”

Залуусыг, монгол хүнийг хүсэл сонирхолд нь тулгуурлан хийж бүтээхэд, эерэг, сайн үйлст уриалж нэгтгэдэг “Бүтээлч монгол нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч Ж.Лувсандоржтой “монгол хүн”-ий талаар ярилцлаа.


-Монголчуудад багаар ажиллах чадвар дутагддаг гэдэг. Гэтэл та монгол хүнтэй нэгдэн олон жил хамтын ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд ажигласнаар монгол хүний онцлог нь юу вэ?

-Манай нэгдэл 2014 онд байгуулагдсан. Үүнээс хойш олон салбарын олон байгууллагатай хамтран ажилласан байдаг. Хамтын ажиллагааны хүчээр олон зүйл хийсэн. Гэтэл монгол хүн багаар ажиллаж чаддаггүй гэдгээс эхлээд монгол хүн юу хийх боломжтой, монгол хүн гэж хэнийг хэлэх талаар олон төөрөгдөл байгааг анзаарсан. Монголд ажиллах нөхцөл байхгүй, монгол хүнд чадваргүй байгаа биш. Бид өөрт байгаа боломжийг олж харахгүй байна.

Бидэнд түүхий эд, хүний нөөц гэсэн хоёр зүйл байна. Үүнд тулгуурлан хөдөө аж ахуйд суурилан хөгжих боломж бий. Мөн монгол хүн урлаг, спортын олон төрлөөр дэлхийд маш том амжилт үзүүлж байгаа. Үүнийг хэрхэн инновацид оруулах талаар ярилцах шаардлагатай байна. Мөн монгол хүн хийсвэр сэтгэлгээ сайтай байдагтай холбоотойгоор электрон, программ хангамж, технологи  хөгжүүлэх боломж бий. Монгол хүн энэ чиглэлд олон нээлт хийж байгаа ч түүнийгээ үйлдвэрлэлд оруулж чадахгүй байна. Түүнчлэн үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, гар урлалыг хөгжүүлэх шаардлагатай. Бидэнд ийм нөөц бий. Одоогоор бид байгаа зүйлээ худалддаг, зардаг, хийж бүтээдэггүй “дэлгүүр орон” болчихоод байна. Энэ нь өөрт байгаа зүйлээ мэдэхгүй байгаагаас шалтгаалж байгаа юм. Өөрт байгаа зүйлээ мэдэж, өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгосон цагт боломжийг олж харж, нэгдэж, хамтран ажиллаж эхэлдэг. Энэ сэдэвтэй холбоотойгоор олон зүйл ярих шаардлагатай ч товчхондоо монгол хүнийг бүтээлч гэж тодорхойлъё.

-Залуусыг залхуу байна гэж шүүмжлэх нь бий. Залхуу байх нь зарим талаараа шинэ зүйлийг бүтээх сэдэл болдог. Хувцсаа гараар угаахгүйн тулд угаалгын машин зохион бүтээхээс эхлээд. Бүтээлч байх, хөдөлмөрч байхын ялгаа юу вэ?

-Залхуу байна, юм хийхгүй байна гэж үеийн үед шүүмжилсээр ирсэн. Хятад хүн маш хөдөлмөрч, япон хүн зарчимч ханддаг. Харин монгол хүний бусад үндэстнээс ялгарах зүйл нь бүтээлч байдал. Монголчууд аливаа зүйлд баригдалгүйгээр, дүрэмгүйгээр сэтгэж, хийж бүтээдэг. Монголчууд бүгд дарга байх дуртай, бүгд их сургуульд сурч байна гээд л шүүмжилдэг. Миний бодлоор авьяас чадвар байгаа л бол өөрсдийн сонирхож буй зүйлээ хийх нь зөв. Ингэхдээ бусадтайгаа хамтран ажиллах нь чухал.

-Монголчууд аливаа зүйлд шүүмжлэгч сэтгэлгээгээр ханддаг болсон нь сошиал орчноос анзаарагддаг. Танай нэгдэл цахим орчныг хэрхэн зөв ашиглах талаар үйл ажиллагаа зохион байгуулж байсан бэ. Энэ үед цахим орчныг хэрхэн зөв ашиглах вэ?

-Буруу зүйлийг шүүмжлэх нь зөв л дөө. Гэвч цахим орчин хөгжсөнөөр хэрэггүй зүйлд цагаа үрэх нь ихэсч байгаа. Үүний оронд ижил хүсэл, зорилготой нөхдөө олж, тэдэнтэй нэгдэн хамтран ажиллаж, нэгнээсээ суралцах, хамтран ажиллахад ашиглаж болно. Харин шүүмжлэхдээ бодолтой байх хэрэгтэй.

-Монгол мөрөөдөл, монгол итгэл үнэмшил гэж юуг тодорхойлох вэ?

-Сард гурван сая төгрөгийн цалин авах нь монгол мөрөөдөл биш. Бидэнд байгаа боломж, давуу талд тулгуурлан өөрт тохирох чиглэлийг сонгоод хүний анхдагч хэрэгцээний нэг хүнс, хувцсаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах. Дуртай ажлаа хийгээд, эрүүл хүнс, хувцас хэрэглээд, элэг бүтэн амьдрах нь монгол мөрөөдөл.

Монгол хүний онцлог, монгол хүн юу хийж бүтээх боломжтойг олж хараагүй цагт монгол хүн ямар ч итгэл үнэмшилгүй, тэмүүлэлгүй байдаг. Гадаадад гарч амьдрахыг л хүсч байгаа нь итгэл үнэмшилгүй байгаагийн шинж. Хэн нэгнийг шүүмжилж, яллахаасаа өмнө нийлж суугаад өөрт байгаа боломжийг олж, хамтран ажиллах шаардлагатай байгаа. Өөрийгөө ойлгосон, олсон цагт хүн өөртөө итгэлтэй болдог.

-Монголчлох сэтгэлгээ гэж юуг нэрлэх вэ. Зарим хүн дүрэмд захирагдахгүй байхыг монголчлох сэтгэлгээ гэх юм?

-Үндэстэн бүр өөр сэтгэлгээтэй байдаг. Энэ нь өөрийн нөхцөл байдал, онцлогт тохирсон байдаг. Бүтээлч, хийсвэрлэх сэтгэлгээ сайтай байдаг болоод ч тэр үү монголчууд дүрэмд захирагдалгүйгээр аливаа зүйлийг хийх дуртай байдаг.

-Хэдхэн хоногийн дараа “Монгол бахархлын өдөр” болох гэж байна. Монгол хүн юугаар бахархах нь зохимжтой вэ?

-Бидэнд бусад орноос ялгарах, бахархам түүх бий. Мөн эх хэл, соёл бий. Орчин үед Startup-ын (гарааны бизнес) талаар их ярих боллоо. Бидэнд түүх, хэл, соёлоо сурталчлан Startup хийх боломж бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж