"Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" Үндэсний чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

"Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" Үндэсний чуулган боллоо

"Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" Үндэсний чуулган боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" сэдэвт Үндэсний чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

Сүрьеэ өвчнийг улс орны хэмжээнд бүрэн устгах зорилтыг тавьж буй ч хүн амын дунд өвчний улмаас нас баралтын шалтгааны нэгдүгээрт, тархалтаараа гуравдугаарт бичигдэж байна. Эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд, өвчтнүүдийн сэтгэл зовоож, хүндрэл учруулж буй ноцтой шалтгаан нь олон эмэнд дасалтай сүрьеэгийн тархалт нэмэгдэж буй явдал бөгөөд энэ нь эдийн засгийн, сэтгэл санааны зэрэг бусад олон асуудал, их хэмжээний хохирол дагуулсаар байна. Сэлэнгэ аймаг сүрьеэгүй аймаг болох хөтөлбөр хэрэгжүүлж, цаашлаад бүсийн хэмжээнд зохион байгуулах зорилго тавьжээ. Энэ туршлагыг улс даяар хэрэгжүүлж ард иргэдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээллээр хангах, өвчилсөн иргэдийг эдгээхийн төлөө хамтарсан арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэдэг дээр эрүүл мэндийн салбарынхан санал нэгтэй байв.


Чуулганы нээлтэд ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатар чуулганд оролцогчдод ерөнхий сайдын үгийг уншиж сонордуулсныг хүргэж байна. 

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдээ

Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө,

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, Хүндэт зочид төлөөлөгчид өө.

“Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Энэ оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулган сүрьеэгийн асуудлыг тусгайлан хэлэлцэж, энэ чиглэлд улс орнууд онцгой анхаарал хандуулж ажиллахаар зөвшилцсөн билээ.

Та бид ч “сүрьеэ өвчнийг устгах”үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх арга замын талаар санаа бодлоо нэгтгэхээр чуулж байна.

2017 онд дэлхийн 10 сая хүн шинээр сүрьеэгийн халдвар авчээ. Өдөрт 5 мянган сүрьеэгийн улмаас хүн нас барж байгаа түгшүүрт мэдээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өгч байна. Манай улсад ч сүрьеэгийн халдварын тархалт өндөр байна.

Хүн амын дунд сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаанаас үзэхэд 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингээр дэлхийд 10-т явж байна.

Сүрьеэ өвчин нийт халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтаар нэгдүгээрт орж, үүнд ид хөдөлмөрийн насны залуучууд өртөж байна.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030”, “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” –т сүрьеэтэй тэмцэх бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусгаж өгсөн.

Засгийн газар сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг өмнөх оныхоос 25 хувиар, сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар тус тус нэмэгдүүлсэн.

Түүнчлэн Манай Улс 1994 – 2007 онд сүрьеэгийн эмийг зөвхөн олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөр нийлүүлж байсан бол өнөөдөр 1-р эгнээний, гаж нөлөөний, хүүхдийн, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмийн зардлыг зуун хувь Засгийн Газраас санхүүжүүлж үүнд 1.5 тэрбум төгрөг жилд зарцуулж байна.

Цаашид эм, урвалж, оношлуурын төсвийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарах төдийгүй эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлд ажиллана.

  • Сүрьеэтэй өвчтнүүдэд 1 тэрбум гаруй төгрөгийг халамжийн сангаас олгож, дэмжлэг үзүүлдэг тогтолцоог Засгийн газар бүрдүүлсэн.
  • Мөн олон эмэнд дасалтай сүрьеэгийн 120 ортой эмнэлгийг барьж байгуулах санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгалаа.
  • Энэ онд Ерөнхий сайдын захирамжаар манай орны төв, хангай, говь, зүүн, баруун бүсийн 5 газрыг сонгон авч, сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг зохион байгууллаа. Үзлэгт 14769 хүн хамруулахаар төлөвлөснөөс 87 хувь нь хамрагдаж, сүрьеэгийн 37 тохиолдлыг илрүүлсэн байна.

Үүнийг 10 мянган хүн амд авч үзвэл өвчлөлийн түвшин 29,5 байна. Энэ нь хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхий нийтээрээ 2030 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг зогсоохоор хүчин чармайлт тавин ажиллаж байгаа билээ.

Манай улс ч “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” – аа баталсан орны хувьд хийж буй ажлын үр дүнг ахиулах, санхүүгийн болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бид түлхүү анхаарах болно.

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх иж бүрэн явуулын үйлчилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, диспансерийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний  чадавхийг сайжруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллахыг энэхүү индэр дээрээс Монгол Улсын Ерөнхий сайд миний бие уриалж байна.

Та бидний хамтын ажиллагаа хил хязгааргүй хэрэн тэнэж буй сүрьеэгийн аюултай хамтран тэмцэж, халдварын тархалтыг таслан зогсоож, дэлхийн бөмбөрцгийн сая сая хүнд аз жаргалтай амьдрал бэлэглэнэ гэдэгт итгэж байна.

Үгийнхээ төгсгөлд сүрьеэ өвчинтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж буй Глобаль сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн докторууддаа талархал илэрхийлье.

Хамтдаа сүрьеэгүй нийгмийг бүтээцгээе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж