Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг болон соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2018 оны 11-дугаар сарын 1-ний өдрөөс 11-дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Монгол улсын Улаанбаатар хотод “Улаанбаатар – Улаанцав– Улаан-Үд Хотуудын Хамтын Ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын ардын засгийн ордон, Монгол Оросын Худалдааны танхим, “Мишээл Экспо” ХХК нь арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн ордон, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Буриад улсын ардын хурал, ОХУ-ын Буриад улсын бүс нутгийн хөгжлийн сан, Монгол улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар нь арга хэмжээний дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.
ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
- Гурван хотын дарга нарын албан уулзалт
- Гурван хотын эдийн засаг, хамтын ажиллагааны бизнес форум 11-р сарын 1-нд Новотел зочид буудалд
- Гурван улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 11-р сарын 2-оос 4-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд тус тус болно.
2018 оны 11 дугаар сарын 1-ний 15:00 цагт Новотел зочид буудалд “МОНГОЛ-ХЯТАД-ОРОС ГУРВАН УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ”- ыг зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад гурван хотуудын албан төлөөлөгч нар, холбогдох салбарын яамд, газар, холбоо байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож тээвэр ложистикын салбар, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллах боломжууд, хамтран ажиллахад тохиолдож байгаа бэрхшээлүүдийг хэлэлцэж тэдгээрийг шийдвэрлэж болох арга замуудыг хэлэлцсэн юм. Мөн бизнес форумын үеээр гурван орны төрийн болон бизнесийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
- Нийслэлийн аялал жуулчлаын газар Улаанцав хотын аялал жуулчлалын газартай
- Монголын их дээд сургуулиудын консерциум Улаанцав хотын боловсролын газартай
- Монгол улсын Хүннү Айр компани Улаанцав хотын Худалдааны газар гэх мэт төрийн байгууллагууд, хөдөө аж ахуй, аялал жуучлал, худалдаа, тээвэр ложистикийн салбарын нийт 15 байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Арга хэмжээний нээлт 2018 оны 11-р сарын 2 -ны 10 цагт “Мишээл экспо” Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болох ба 11 дүгээр сарын 2- ноос 4-ний өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд гурван улсын төлөөлөл 110 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн худалдаа болно.