74 настайдаа Эверестийн оргилд хүрэхээр шийджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

74 настайдаа Эверестийн оргилд хүрэхээр шийджээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш Т.Гүррагчаа Гималайн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр шийджээ. Өдгөө 74 настай тэрээр ирэх дөрвдүгээр сарын үеэр ийнхүү авиралтаа хийхээр болсон талаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Мөн авиралтын төлбөр, замын зардал нийтдээ 110 сая орчим төгрөг болох бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Уулчдын үндэсний холбооноос санаачлан "Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа" хандивын аян зохион байгуулж байгаа юм. Хэвлэлийн хурлын үеэр Т.Гүррагчаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Далайн түвшнээс дээш 8850 метрт 74 настай хүн гарч байсан удаагүй. Та анхны хүн болох нь. Бэлтгэл хэр базааж байна вэ?

-Монголд миний гараагүй уул, оргил гэж байхгүй. Сүүлийн үед авирсан авиралтууд маань дандаа рекорд тогтоож байсан. Жишээлбэл, Монголын ноён оргил болох Алтай таван богд, Ховд аймгийн Мөнххайрхан оргил, Цамбагарав уул зэрэг уулуудад авирсан. Ер нь 74 нас гэдэг бол зүгээр л тоо. Цаашдаа ч авирсаар байх болно.

-Таны хамгийн дээд амжилт хэдэн метрийн өндөрт авиралт хийсэн бэ?

-Хамгийн дээд амжилт бол 7010 метр. Гималайн нурууны нэг салбар бөгөөд харандааны үзүүр шиг шовх оргил бий.  Мөн 2001 онд Эверестийн хажуу талын хоёр том оргил болох Мерапека, Лобучед авирч байсан. Хажуу талынх нь хоёр оргил дээр гарчихсан. Тэр үед Жомолунгмад авиралт хийх гэсэн боломж санхүүгийн боломжгүй байсан юм. Эверестэд авирахад 45 мянган ам.доллар хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эверестэд авирахын тулд тодорхой хэмжээний татвар төлдөг юм билээ.

-Хэзээ авирах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ирэх дөрөв, тавдугаар сард багтааж авирах төлөвлөгөөтэй байгаа. Үүнийхээ ч дагуу бэлтгэлээ базааж байна.

-Авиралт хэдэн хоног үргэлжлэх вэ?

-Ямартай ч визний хугацаагаар 60 хоног байгаа. Тэгээд тавдугаар сараас хойшилбол цаг агаар дулаарч, нуранги үүсч, хур бороо орох эрсдэл дагуулдаг. Тиймээс 60 хоногийн дотор л амжиж авирах хэрэгтэй.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж