“Глоб интернэшнл” төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооноос "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдвээр өнөөдөр /2018.11.1/ мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийн эхэнд сэтгүүлчдийн эсрэг хийсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж буйг дуулгав.
Хурлыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар нээж үг хэлэв. Мөн хурлын үеэр Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих хорооны гишүүн, өмгөөлөгч, доктор профессор Д.Батмөнх "Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ"-г, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн судлаач А.Амартүвшин Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт"-ийг тус тус танилцуулсан юм.
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулж, судалгаа хийхээр төлөвлөжээ. Судалгааг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 хувьтай байгаа аж.
Урьдчилсан байдлаар сэтгүүлчдийн амь насанд заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутамд ажлаа хийхэд шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлэл, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж” байна, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна. Мөн 3-4 сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болж ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариулт өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамталж байсан тохиолдол таваас багагүй бүртгэгдсэн байна.
Судалгааны нэгдсэн дүнг 2019 оны тавдугаар сарын 3-нд эцэслэн танилцуулах ажээ.