2012 онд Нобелийн утга зохиолын шагналын эзэн болж байсан Хятадын зохиолч Мо Ян өнгөрсөн Мягмар гаригт /2018.10.30/ Хойд Африк дахь соёлын томоохон арга хэмжээ болох Алжирын олон улсын номын үзэсгэлэнд хүрэлцэн ирж, илтгэл тавьжээ.
Илтгэлдээ тэрбээр утга зохиолын салбарт зориулсан дөчин жилийн амьдралынхаа тухай, мөн оргил бүтээл болох “Улаан тутарга” номын тухай яриа өрнүүлжээ.
Түүний бичсэн “Улаан тутарга” ном нь жилд 200,000 хувь тогтмол хэвлэгдэж байгаад, 2012 онд Нобелийн шагнал хүртсэнээс хойш жилд хоёр сая хувь борлуулагдаж байна. Тус номд Хятадын зүүн хойд хэсгийн Шандун муж дахь нэгэн гэр бүлийн гурван үеийн түүхийг, тэдний туулан өнгөрүүлсэн Хятад-Японы дайн, соёлын хувьсгал зэрэг нийгэмд эрс өөрчлөлт авчирсан үйл явдлууд хүнийг хэрхэн өөрчилж, хэцүү сонголт хийхэд хүргэж буйг өгүүлжээ.“Улаан тутарга” ном нь 1987 онд бичигдэж байсан бөгөөд үйл явдлаас нь сэдэвлэсэн кино нь Берлиний кино наадмаас шагнал хүртсэн.
Алдарт зохиолч Мо Ян бээр тун ч даруухан нэгэн бөгөөд илтгэлийнхээ үеэр, “Нобелийн шагнал хүртэнэ гэдэг нь би хамгийн сайн зохиолч гэсэн үг биш. Хятадад надаас илүү мундаг зохиолчид зөндөө бий” хэмээн хэлжээ. Тэрбээр Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн анхны Хятад зохиолч юм. Дашрамд дурдахад, тэрбээр Хятадын ардын чөлөөлөх армид алба хашиж байв.
Алжир, Хятад улсуудын дипломат харилцаа тогтоосны 60 жилтэй давхцан түүнийг Алжирт зочилсонд ихэд бэлгэшээн, хүн төрөлхтний соёлын өвд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Эл Атир” хүндэт медалиар шагнажээ.
Түүний бичсэн номнуудаас “Дарсны хаант улс”, “Намайг тамирдуулсан үхэл амьдрал”, мөн хамгийн сүүлд бичсэн “Мэлхий” хэмээх Хятадын “нэг хүүхдийн бодлого”-ыг хурцаар шүүмжилсэн номууд нь алдартай.
Алжирын олон улсын номын үзэсгэлэн нь Даваа гаригт /2018.10.29/ эхэлсэн бөгөөд 47 орны 1000 гаруй ном хэвлэлийн байгууллагын 300,000 гаруй түүх, шинжлэх ухаан, утга зохиол болон бусад салбарын номтой баялаг үзэсгэлэн болж байгаа юм.
Эх сурвалж: Синьхуа агентлаг
Холбоотой мэдээ