Манай мэргэн буучид Кувейтийн эзэн хааны нэрэмжит Гранпри тэмцээнд оролцож байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 м-н хийн урт бууны дасгалд Азийн наадмын аварга, ОУХМ Ч.Нарантуяа мөнгөн медаль авлаа. Тэрээр 418.2 оноогоор финалд 2-р байраар шалгарч улмаар 206.5 оноогоор дэд байрт шалгарлаа. Уг дасгалд Сербийн Андреа Арсович түрүүлж, Сингапурын Жасмина Вей хүрэл медаль авчээ. Нийт 32 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОУХМ Д.Лхамсүрэн 410.0 оноогоор 9-р байр, ОУХМ З.Батхуяг 409.4 оноогоор 13-р байрт оров.
Дэлхийн шилдэг мэргэн буучид оролцдог тус тэмцээнд манай буудагчид анх удаа оролцож байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Олон улсын хэмжээний мастер Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын шилдгүүд багтсан.
ОУХМ Ч.Нарантуяагийн хувьд 2014 онд дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртсэн билээ. Тэрээр өнгөрсөн оны 9 сард БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын XVII наадмаас 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор түрүүлж, Монголын буудлагын тамирчдаас анхны Азийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, 2014.IX.24, БНСУ, Инчён хот,
Мөн эрэгтэйчүүдийн 50 м-н сонгомол гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү 32 тамирчинаас 9-р байрт байрт шалгарсан бол 10 м-н хийн урт бууны залуучуудын ангилалд Д.Лхагвасүрэн 7-р байрт орлоо.
Тэмцээний энэ сарын 31-д өндөрлөнө. Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР