Зөвшөөрлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Зөвшөөрлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох”-оор заасныг хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай буюу Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийг боловсруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс зөвлөх баг ажиллуулсны зэрэгцээ хууль боловсруулах стандарт, журмын талаар ХБНГУ, БНСУ, Их Британи, Канад, Япон зэрэг улсын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг тогтоох судалгаа зэргийг хийсэн байна.

Уг хуулийн төсөлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төслийг боловсрулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Энэ хууль батлагдсанаар хууль тогтоомжийн төслийн боловсруулалт, хууль тогтоомжийн чанар сайжрах, хууль тогтоомж хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бусад оронд ганц хуулийн тухай биш хэм хэмжээ тогтоосон актуудын тухай хууль гэж байдаг. Харин манайд хууль боловсруулах стандартыг нарийвчлан тогтоох, хэрэгжилтэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийх явдал зайлшгүй шаардлагатай. Хууль бичих үйл явц нэг стандартгүйгээс ойлгомжгүй, нэр томьёоны алдаатай, логик зөрчилтэй хууль тогтоомж гарч байна гэсэн бол гишүүн О.Баасанхүү заавал бие даасан хууль гаргана гэхгүйгээр одоо мөрдөж байгаа хуульдаа өөрчлөлт оруулах, хэлэлцүүлгийн шатанд байгаа Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлтэй уялдуулаад явах боломжтой юм гэлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж сайн ярилцаад зөвшилцөхөөс илүүтэй мэтгэлцэж хэлэлцүүлгийн явцад нарийн нягтлах шаардлагатай гэсэн бол гишүүн З.Энхболд энэ бол шинэ хуулийн тухай асуудал биш одоо мөрдөж байгаа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үүнийг Нийтийн сонсголын тухай хуультай хольж хутгаж болохгүй. Хуулийн төслийн гол агуулга нь бүх хууль нэг стандарттай байх, УИХ хууль тогтоох ажлаа шинжлэх ухааны үндэстэй, стандарттай болгох, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хянаж дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгдөг болоход чиглэж байгаа юм. Иймээс энэ хуулийг хурдан гаргах ёстой, тэгж байж УИХ-ын үйл ажиллагааг цаашид олон түмэнд ойлгомжтой болгох учиртай гэдгийг хэллээ.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.  

Дараа нь Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол гаргасны зэрэгцээ тусгайлан бие даасан зохицуулалт шаардлагатай хуулийн төслийн боловсруулалтыг хангалтгүй гэж үзсэн байна. 

Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин “Энэ хуулийн гол зорилт нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хялбаршуулж бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа. Гэтэл аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах үйл ажиллагааг энэ хуулийн төсөлд хольж тусгасан нь хүндрэл учруулж байгааг хэллээ.  

Харин саналаа хэлсэн гишүүн З.Энхболд ажлын хэсгийн саналыг дэмжээд бизнесийн тусгай зөвшөөрлийг хялбаршуулж байгаа төсөлд аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулахтай холбоотой зохицуулалтууд хамаарахгүй байхаар санал хурааж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бол гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн концепцид зарчмын ялгаа гаргах замаар аюулгүй байдал, хэв журам, ёс зүй, мэргэжилтэй холбоотой тусгай зөвшөөрлийг аж ахуй бизнесийн талаас харж болохгүй. Иймээс ажлын хэсэг санал гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг Засгийн газарт буцааж дахин боловсруулж өргөн барих нь зүйтэй байна гэсэн бол гишүүн Ц.Нямдорж ажлын хэсгийн саналаар санал хураагаад Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлье. Хуулийн төслийг буцаах эсэхээ Эдийн засгийн байнгын хороо шийдэг гэсэн санал хэлсэн юм. 

Ингээд ажлын хэсгийн саналаар бизнесийн зөвшөөрлийг хялбаршуулж байгаа хуулийн төслөөс аюулгүй байдлын холбогдолтой зөвшөөрлийг хасах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Мөн Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй бусад саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /хуулийн төслийн санкцтай холбоотой асуудлаар/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эцэст нь байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгууллалтын байнгын хороодод хүргүүлэхээр тогтов.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж