Монгол Улс сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй долоон орны тоонд орж байна. Тодруулбал, сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт ордог юм байна.
Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их. Өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхлэлт, өрхийн орлого буурах зэрэг гэр бүл болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг тул даван туулахад нь эрүүл мэндийн байгууллагаас гадна нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хөдөлмөр, боловсрол хүн амын хөгжил зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо маш чухал байдаг аж.
Тиймээс Өнөөдөр Ерөнхий Сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны даргын мэдээллээр бол жилд дунджаар энэ өвчний халдвар авсан 4000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Сүрьеэ өвчний тархалт Улаанбаатар хотод 60 орчим хувьтай байна. 2016 онд хийгдсэн “Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа”-аар сүрьеэ өвчний улмаас нийт өвчтөний 39 хувь нь зээл авч, 45.5 хувь нь ажилгүй болж, өвчтөн түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртөж байна гэсэн дүн гарчээ.