&#34Засгийн газар хуулийн төслөө татаж авах хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

&#34Засгийн газар хуулийн төслөө татаж авах хэрэгтэй&#34

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд  байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсэгт асуулт тавьсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Засгийн газар энэ хуулийн төслөө буцааж татаж  дахин  боловсруулах нь зүйтэй. Салбарын хуулиар зохицууллагддаг байсан зөвшөөрлүүдийг нэгдсэн зохицуулалтанд оруулж байгаа нь сайн хэрэг.

 

Бизнесийн тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, зөвшөөрөл олгох, бүртгэх процессийг хялбаршуулах нь хуулийн зорилго болохоос бус үндэсний аюулгүй байдалтай холбоотой  салбаруудад хамаарах зөвшөөрлүүдийг /тухайлбал, цацараг идэвхит бодис хэрэглэх, тээвэрлэх гэх мэт/ салбарын хуулиас нь салгаж ердийн журмаар олгодог болох нь буруу.

 

Энгийн зөвшөөрөл  олголт,  түүний хяналт бүртгэл, хариуцлагын чиг үүргийг мэргэжлийн холбоод болон орон нутагт шилжүүлэх нь зүйтэй. Одоогийн үйлчилж байгаа хуулиар зөвшөөрөл нь хэт ерөнхий байдлаар олгогдож байна. Монгол улс 900 хуультай хирнээ 1000 гаруй зөвшөөрөл олгож байна.Энэ бол манай нийгмийн  гажуудал. Манай нийгмийн гар хөл, бизнесийн орчин  “зөвшөөрөл” нэртэй хүлээсэнд байгаа нь нууц биш. Ер нь онцгой болон тусгай зөвшөөрлүүдээс бусад энгийн зөвшөөрлүүдийг бүгдийг нь хүчингүй болгох хэрэгтэй” хэмээн хэллээ.

 

Ингээд ажлын хэсгийн саналаар бизнесийн зөвшөөрлийг хялбаршуулж байгаа хуулийн төслөөс аюулгүй байдлын холбогдолтой зөвшөөрлийг хасах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжиж , зарчмын зөрүүтэй бусад саналын томьёоллоор санал хурааж,  санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж