Сөүл хотын төвд маргааш /2018.11.02/ тав дахь удаагийн “Кимчиний фестиваль” болно. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус арга хэмжээ Мугёо-дон дүүрэгт байрлах Сөүл плазагийн гадна талбайд баасан гаригаас эхлэн амралтын өдрүүдийг дуустал гурав хоног үргэлжлэх юм байна. Солонгосчууд шинэ ургацын ногоогоороо өвлийн улиралд хэрэглэх их хэмжээний кимчи дардаг.
“Кимжан” буюу намрын кимчи хийх ажлын үеэр айл хөршүүд хоорондоо дарсан кимчигээ солилцож, бие биедээ туршлага солилцож, удаан уулзалдаагүй найз нөхөд, гэр бүлийнхэнтэй уулзалдаж хөгжилдөх завшаан болдог. Солонгосын уламжлалт кимчи хийх заншил нь ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн байдаг ажээ.
Энэ жилийн фестивальд нийт 6000 хүн оролцож, 165 тонн байцаагаар кимчи хийх юм байна. 2016 онд 60 тонн байцаа хэрэглэгдэж байсан бол 2017 онд 120 тонн болж нэмэгджээ. Мөн фестивалийн сүүлийн өдөр буюу ням гаригт 3000 хүн нэгэн зэрэг кимчи хийж Геннисийн дээд амжилтыг тогтоох гэнэ. 2013 онд хамгийн их буюу 2635 хүн нэг дор цугларан кимчи хийж байжээ.
“Кимчиний фестивальд” оролцох хүсэлт маш ихээр ирж байгаа ч оролцогчдын тоо хэдийн дүүрчээ. Сонирхогчид, жуулчдад зориулсан тусгай хэсэгт та өөрийн гараар кимчи хийж идэх боломжтой юм байна. Уг үйл ажиллагааны үеэр Сөүл плаза цогцолборт газар газраас ирсэн кимчиний мастеруудын хийсэн 100 төрлийн кимчиний үзэсгэлэн, уралдаан тэмцээнүүд, кимчиний мастеруудын илтгэл зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана гэв. Тэмцээнд түрүүлсэн оролцогч мэргэжлийн үнэмлэх болон хотын даргын нэрэмжит шагналаар шагнуулдаг байна. Арга хэмжээний үеэр хийгдсэн кимчиг хотын эмзэг бүлгийн иргэдэд хандивладаг ажээ.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ