Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод өнгөрөгч сард болсон билээ. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчид бүгд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн төгсөгчид бөгөөд тэдэнд сургуулийн зүгээс хүндэтгэл үзүүлжээ.
“Будапешт 2018” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Шоовдор нар хүрэл медаль хүртсэн юм. Эдгээр тамирчид нэг сургуулийн төгсөгчид бөгөөд Будапештийн дэвжээнээс хамтдаа медаль хүртсэн нэгэн сонин тохиолдол болсон байна. Тэр дундаа Гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Тэрбээр арав дахь удаагаа ДАШТ-д барилдахдаа нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж нэгэн онцгой амжилтын эзэн болоод байна.