Яруу найргийн үдэш янзтай байлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.27-нд нийтлэгдсэн

Яруу найргийн үдэш янзтай байлаа

“Армада” ресторанд яруу найргийн уншлага боллоо.

Яруу найргийн уншлага болно гэсэн сургаар явж очвол нэлээд хүн цугларч суудал үлдээгүй байлаа. Урьд өмнө ресторанд хамтлаг дуучид урилгаар дуулдаг гэдгийг мэдэхээс бус яруу найрагчид шүлэг уншдаг чинээ санасангүй. Гэхдээ энэ бол Латин америк, дундад зууны англид бол хэвийн л үзэгдэл. Харин Монголд… Намуухан хөгжмийн аянд дарс шимэнгээ уншлага эхлэхийг хүлээж суугаа хүмүүс ч их сэтгэл хөөрүү байх шиг санагдлаа. “Армада” рестораны хамт олон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Ч.Дагмидмаа нарыг энэ удаагийн яруу найргийн үдшийн зочноор урьжээ. Уянгын яруу шүлгүүдээ төгөлдөр хуурын аянд зохируулан уншсан Л.Ганзул найрагч үзэгч уншигчдын сэтгэлийг ихэд догдлуулав гэлтэй. Мөн яруу найрагч Ч.Дагмидмаа сэтгэлгээний шүлгүүдээ хийл хөгжмийн аялгуунд уншиж бүгд л хөгжөөд явчихлаа.

Уншлагын дараагийн хэсэгт яруу найрагчдын номын үзэсгэлэн худалдаа боллоо. Найрагчдын гарын үсэгтэй номын багцыг худалдан авах үзэгчид цөөнгүй байсан юм. Энэ оройны хамгийн анхны худалдан авагч нь Дорноговиос ирсэн Б.Мандхай байлаа. Б.Мандхай “Би ийм үдэш болно гэдгийг дуулаад амралтын өдрүүдээр Дорноговиос ирлээ. Шүлгийг нь уншдаг найрагчтайгаа уулзах боломжийг олгосон "Армада" рестораны хамт олон баярлалаа. Маш гоё өвөрмөц үдэш. Сэтгэл догдлоод хэлэх ч үг олдохгүй байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцана лээ.

Харин энэ талаар “Армада” рестораны зохион байгуулагч С.Мөнхтуяа “Яруу найрагтай үдэш маш сайхан болж байна. Үнэхээр үзэгчдийн хүсэн, хүлээдэг найрагчдыг урьж чадсан гэдгээ ойлголоо. Манай хамт олон ийм үдшийг дахин зохион байгуулах болно” гэдгээ хэлж байсан бол энэ үдшийн бас нэгэн зочин болох Н.Түвшинцэцэг “Нэг найзынхаа урилгаар ирж үзэж байна. Яруу найрагчтай хамт зургаа татуулж, гарын үсэгтэй номыг нь авч, нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөх гоё байлаа. Үнэхээр сайхан сэтгэгдэл үлдлээ. Л.Ганзул ахын эх орны шүлгүүд, Ч.Дагмидмаа эгчийн “Хүү минь хоеулаа намрыг зурья” зэрэг шүлгүүд маш их таалагдлаа.

Мөн энэ үеэр дуучин Э.Сүнжидмаа “Орь залуу нас”, ”Сэтгэлийн эгшиг” дуугаа дууллаа. Хоёр цаг гаруй үргэлжилсэн яруу найрагтай үдшийн дараа хүн бүхэн сэтгэл өөдрөг ахин шүлэг найргийн үдшээр уулзахын хүсэлтэй үлдэв.

Т.ДЭЛХИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж