Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.01-нд нийтлэгдсэн

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдааны эхэнд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс тавьсан шаардлагын хариуг УИХ-ын дарга бичгээр ирүүлсэн хэдий ч Засгийн газраас албан бичиг ирүүлээгүй тул хуралдаанд оролцох боломжгүй" хэмээн мэдэгдэж, хуралдааныг орхин гарлаа.


“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг монголын банкуудаар дамжуулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулаад төгрөгийн ханшийг чангатгах, Монголбанкны алдагдлыг бууруулахад авсан арга хэмжээний талаар илүүтэй сонирхов. Мөн өмнөх оны тогтоолд тусгагдсан ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахад бодитой арга хэмжээ авсан эсэхийг тодрууллаа.

Монголбанк одоогоор 720 сая ам долларын интервенц хийсэн бөгөөд энэ оны эцсээр нэг тэрбум ам долларын интервенц хийнэ. Ингэснээр 2018 оны сүүлээр ханшийн сулралт 5 хувийн хэлбэлзэлтэй байх юм. УИХ-аар хэлэлцүүлж байгаа Валютын зохицуулалтын тухай хуульд Оюутолгой болон Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг Монголбанканд данс нээж хийхээр тусгагдсан байгаа. Хуулийн төсөл батлагдвал валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж өснө хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулав. Түүнчлэн тэрбээр, ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгааг тодотгохын зэрэгцээ 2017-2018 онд зээлийн хүртээмж бага байсан. Иймд 2019 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Байнгын хорооноос Монголбанканд чиглэл өгч, арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийн зээлийн асуудлыг Төвбанк бие даан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг дурдаад ОУВС 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх чиглэлг өгсөн гэдгийг тодотгов. Тэрбээр, Монголбанк эдийн засгийн  бодит нөхцөл байдлыг тооцож үзээд Дэлхийн банктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. Монголбанк арилжааны банкны зээлийн хүү 21 хувьтай байсныг 17,8 хувьд хүргэж, цаашид ч бууруулах талаар ажиллаж байгааг онцлов. Мөн Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд холбогдох хуульд Засгийн газар өрийн бичиг, үнэт цаас гаргаж алдагдлыг хаадаг ганцхан зохицуулалттай. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Засгийн газарт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх үүднээс Монголбанк үйл ажиллагааны ашгаас алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч хариулж байсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, тогтоолын төсөлд “Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх”, “Эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх”, “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх” гэсэн тус тус  заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь  Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нийт 14 зөрчил гурван хийдэл гарсныг онцоллоо.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төсөлд Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “улсын мэргэжлийн” гэсний өмнө “мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “Засгийн газарт оруулах” гэсний өмнө, “мал, амьтны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж тус тус нэмэхийг, мөн төслийн 3 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Хөдөө аж ахуйн гаралтай, бараа түүхий эдийн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслөөс 3 дугаар зүйлийг тус тус хасах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж