Хэтэрхий тарган эсвэл хэт туранхай байх нь амь насыг эрсдэлд оруулах хүчин зүйлс болохыг сүүлийн үеийн судалгаагаар нотлоод байна.
Английн эрдэмтдийн хийсэн тус судалгаа өчигдөр /2018.10.31/ “Чихрийн шижин ба эндикронологи” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Үүнээс үзвэл хүний биеийн жингийн индекс хэтэрхий их эсвэл бага байх нь олон өвчний уг үндэс болдог аж. Судалгааны багийнхан биеийн жингийн индекс /БЖИ/ болон үхлийн нийтлэг шалтгаануудын холбоо хамаарлын тухай судалгаа хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.
“БЖИ нь хүний эрүүл мэндийн хамгийн чухал үзүүлэлт юм. БЖИ их эсвэл бага байх нь муу гэдгийг хүмүүс мэддэг боловч эрүүл мэндэд нь хэр хэмжээний аюул занал учруулдаг вэ? гэдгийг нарийн мэддэггүй. Тиймээс бид амьсгалын замын, элэгний өвчин болон хорт хавдар зэрэг хүмүүсийн сайн мэддэг өвчнүүдийг илүүдэл жин болон туранхай байгаатай хэрхэн холбогдохыг судалсан юм” хэмээн судалгааны багийн ахлагч Кришнан Бхаскаран хэлжээ.
БЖИ-ийг килограммаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг метрээр илэрхийлсэн өндрийн квадрат зэрэгт хувааж гаргадаг. Тухайлбал, 150 см өндөртэй, 50 кг жинтэй хүнийхийг: 50кг: ( 1.5 м * 1.5 м ) = 22 кг/м2 гэж гаргана.
Юуны өмнө БЖИ нь 21-25 кг/м2 байвал өвчин тусах, амь насаа алдах эрсдэл хамгийн бага гэдгийг тогтоожээ. Харин энэ тоо 21-ээс бага эсвэл 25-аас их байх нь өвчин тусах эрсдэлтэй байна.
Уг судалгааг 3,6 сая хүн дээр болон 367,512 хүний нас барсан тохиолдлууд дээр анализ хийх маягаар хийжээ. Тэдний олж мэдсэнээр, БЖИ гучаас их байх нь зүрхний өвчин болон хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байв.
Тэдний судалгаа хийсэн нийт хүмүүсийн дунд хорт хавдар, зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, элэг бөөрний өвчин зэрэг нь ихэнхдээ жингийн илүүдэлтэй буюу БЖИ нь 25-аас дээш байгаа хүмүүст тохиолдож байжээ.
Илүүдэл жин буюу БЖИ 25-аас их байх нь эрэгтэй хүний насыг 4,2 жилээр, эмэгтэйг 3,5 жилээр хороодог байна. Түүнчлэн хорт хавдар тусах шалтгаан нь нийт эмэгтэйчүүдийн 7,5 хувь нь таргалалтаас үүдэлтэй байжээ. 2043 он гэхэд дэлхийн хүн амын нас баралтын хамгийн гол шалтгаан нь таргалалт болох төлөвтэй байгаа юм.
Туранхай буюу БЖИ 21 кг/м2-ээс бага байх нь ч бас зүрх судасны өвчин, сэтгэцийн өвчин, алцхеймер, болон амиа хорлолтод нөлөөлдөг байна.
Гэхдээ тэдний судалгаа зөвхөн хүмүүсийн БЖИ болон үхлийн шалтгааны харилцан хамаарлыг судалснаас биш тэдний өдөр тутам идэж буй хоол хүнс, дасгал хөдөлгөөн хийдэг байдал зэргийг оролцуулаагүй болохоор харьцангуй хязгаарлагдмал дүгнэлтийг гаргаж ирж байгаа юм. Харин тэд БЖИ-ээ 21-25 кг/м2-ийн хооронд заавал барих шаардлагатайг бүрэн нотолжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ