– Жил ирэх тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны загвар адилхан болж байна.-
“Unisex” гэх томъёололыг анх 1960-аад оноос загварын ертөнцөд хэрэглэх болсон. Тухайн үед ингэж нэрлэх болсон нь XIX зуунд сэхээтний хувцсанд загварлаг, эмэгтэйлэг хэв маяг орсноор “Unisex” загварын чиг хандлага бий болсон гэж хэлж болох юм. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүс бие бялдар, сэтгэл зүйн болон оюуны хувьд асар их ялгаатай. Тэгвэл хувцасны загвар XIX зууны үеэс л хоорондоо төстэй загвартай байсныг олон түүхийн эх сурвалж өгүүлдэг юм. Өнөөгийн эрэгтэй хүмүүсээс 19-ээр зууны эрэгтэй хүмүүс ялангуяа сэхээтэн залуучуудын хувьд биенээсээ өрсөж хамгийн ганган шинэ загварын хувцас өмсөхийг илүүд үздэг байсан байна. Эрэгтэй хувцасны загварыг энэ үед эмэгтэй хувцасны загваруудаас санаа авч бүтээдэг байжээ. Хэдийгээр загварын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцас загвар адил төстэй зүйл олон байсан ч үзэл суртлын хувьд харьцангуй ойлголт байсаар байлаа. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хооронд ялгаварлаж эмэгтэй хүн заавал юбка, даашинзтай байх ёстой гэх мэт олон үзэл суртал сэхээтэн төдийгүй XIX зууны энгийн иргэдийн дунд байжээ. Тухайн үед эмэгтэйчүүдийн дунд хөгжиж байсан спортын нөлөөгөөр илүү биед эвтэйхэн өдөр тутам өмсөж болох хувцас хэрэгтэй мэдэрсэн байна. Энэ үеэс спорт загварын хувцасны хандлагад өөрчлөлт орсон гэж хэлж болно.
Эцэст нь 1960-аад оноос эхлэн “Unisex” загварын чиг хандлага болон "Unisex хувцас" өргөн хэрэглээнд нэвтэрчээ. “Unisex” хувцасны залуучуудын хувьсгал 1960-онд болсон Hippie хөдөлгөөн, 1970 онд болсон эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд “Unisex” загварын чиг хандлагыг олон улсад таниулсан гэж хэлж болно.
Хиппи гэдэг нь тухайн үеийнхээ нийгмийн үзэл бодлыг эсэргүүцэн итгэл, хайр, энэрэнгүй байдлыг илүүд чухалчлан дайн дажинг бус амар амгалан, энх тайвныг хүсэгч АНУ-ын залуусын нэгдсэн бүлэг хүмүүсийг хэлдэг байсан бөгөөд 1960-аад оны дунд үеэс дэлхий дахинаа тархсан ажээ.
Хиппичүүдийн тэмцлээ илэрхийлэх аргуудын нэг нь хувцас байсан юм. Тухайн үеийн сонгодог хувцас нь маш үнэтэй материалаар хийгдсэн өндөр ёс дэгтэй байхад энэ үед үүссэн хиппи стиль нь ази, африк болон цыган, индиан зэрэг үндэстэн ястны хувцасны хэлбэр, өнгө орнаментуудыг хольж маш хямд материалаар энгийн, загварлаг хийж үүгээрээ өөрсдийн эрх чөлөөт байдлыг илэрхийлэхийг оролддог байв. 1960 оноос хиппи нь ямар ч сануулгагүйгээр хувцсыг толгойноос хөл хүртэл өөрчилж эргүүлсэн юм.
Ийм ч учраас 60-аад оны моодонд ямар ч дүрэм байсангүй бөгөөд консерватив хуучинсаг өнгөгүй хувцас ор мөргүй алга болж эхэлжээ. Рок-н-роллын одод болох Битлз, Джими Хендрикс хувцас загварын амьд жишээ болж тоглолт болон цомгийнхоо хавтсан дээрх зургууд дээрээ өнгөлөг эрээн хувцас өмссөн байдаг. Өөрийгөө хүндэтгэдэг нэг ч “хиппи” ямар нэгэн компаний лого шошготой хувцас өмсдөггүй. Тэд үнэтэй биш, хөнгөн, биед эвтэйхэн, хуучин хувцасаа шинэчилсэн маягийн гар хийцийн хувцасыг илүүд үздэг. Ихэнх хиппичүүд моодны стандартыг яагаад дагаж зохицох ёстой хэмээн уламжлалт хувцасны сонголтыг эсэргүүцдэг байжээ.
Энэ их өөрчлөлт дэлхийн загварын ертөнцөд ирснээр эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлалгүй бид адил өмд, богино цамц зэрэг өргөн хэрэгцээнийхээ хувцасны сонголтыг хийх бүрэн эрхтэй болжээ. “Unisex” тодорхойлолт нь ганц хувцас загварын хувьд бус ямар нэгэн хүйсийн ялгаварлалгүй томъёолж болох обьект, хүйс тодорхой заагаагүй олон зүйлсийг хамруулсан жендерийн ялгаварлалгүй нэршил гэж тодорхойлжээ.
Харин 2015 оны хувьд энэ төрлийн хувцасны загвар илүү хүчээ авч байгаа гэж хэлж болно. Хувцас загварын хувьд уламжлалт бус орчин үеийн хувцасны чиг хандлагад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өмсөж болох хувцасны загварууд зонхилжээ. Дэлхийн томоохон брэндүүдийн хувьд ч мөн байгалийн зөөлөн өнгийг агуулсан энгийн, дэгжин загваруудыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн хэмжээнд тохируулан бүтээж байгаа бөгөөд илүү дэгжин хэрнээ энгийн өнгө хэлбэрийг оруулж өгч байгаагаарай ялгаатай ажээ. 1960-аад оны үед эрэгтэй хүмүүсийн хувцасны загварыг эмэгтэйчүүд өөрсдийн өдөр тутмын хувцасны загвар болгохыг хүссэн бол өнөө үед эрэгтэй хүмүүсийн хувцас загварын нарийн элментүүд эмэгтэй хүмүүсийн загварын чиг хандлага руу хэлбийх болжээ.
Энэ талаар дэлхийн алдартай дизайнер, загвар шүүмжлэгчид хэлэхдээ “жил ирэх тусам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны загвар адилхан болж байгаа бөгөөд цаашдаа хоорондоо ялгагдахгүй загварын хувцасаар гоёх” болно гэж тодорхойлсон байна. Магадгүй ирээдүйд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны сонголт, загвар адилхан болж ч болох юм.
Э.ТЭКҮ