–Ийнхүү мянга гаруй аж ахуй нэгж мянгаараа дампуурч байгаагийн буруутан нь магадгүй арилжааны банкууд байж болох талтай-
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян” эхэлж байх үед иргэний агаарын нислэгийн “Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарласан. Энэ нь эдийн засгийн хямрал аж ахуй нэгжүүдэд нөлөөлж буйг харуулсан томоохон сануулга, жишээ байлаа. Эдийн засгийн хямрал гээч аж ахуй нэгжийг “хядсаар” оны эцэс гэхэд 1029 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа бүрэн зогсоож дампуурсан тоог Үндэсний статистикийн газраас гаргажээ. Мөн хаяг байршил нь тодорхойгүй гэгдэх 6036 аж ахуйн нэгжийн хэд нь мөн дампуурлаа зарласныг мэдэх боломжгүй гэх. Өнгөрсөн онд Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлнэ, хямралаас гаргана, валютын ханшийг хазаарлана гэж амалж байсан ч өнөөдөр ам.доллар 1946 төгрөг, иен 133 төгрөгтэй тэнцлээ. Дампуурлаа зарлаж, ажилтан ажиллагсадаа хэдэн арав, хэдэн зуугаар нь цомхотгож олон сараар цалингаа аваагүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны дэргэд Бизнес регистрийн санд төрийн, хувийн, төрийн бус байгууллага 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 110.4 мянган аж ахуй нэгж бүртгэгджээ. Эдгээр аж ахуй нэгжүүдээс 56.1 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 54.3 мянга нь огт үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ тооноос хамааран 54 мянган аж ахуй нэгж дампуурсан гэж байсан ч албаныхан үүнийг эрс эсэргүүцсэн. Үйл ажиллагаа явуулаагүй 54.3 мянган аж ахуйн нэгжүүд бүгд дампуурсан гэж ойлгож болохгүй. Жишээлэхэд 30.7 мянга нь үйл ажиллагаа түр зогсоосон, 23.6 мянга нь бичиг баримтаа авсан ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Басхүү компани байгуулчихаад тамга, тэмдэг, бичиг баримтаа хадгалаад X/үйл ажиллагаа явуулаагүй гэх/ тайлан гаргачихдаг иргэд ч цөөнгүй байдаг. Түүнээс биш эдийн засаг хямарч олон арван мянган аж ахуйн нэгж дампуураагүй” гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сургалт, сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэл ярьсан юм.
Ийнхүү мянга гаруй аж ахуй нэгж мянгаараа дампуурч байгаагийн буруутан нь магадгүй арилжааны банкууд байж болох талтай. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас явуулсан шалгалтаар арилжааны банкууд иргэдийг төдийгүй, аж ахуй нэгжүүдийг “шулж” байгаа нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл иргэд, аж ахуй нэгжүүдэд олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ бусад орнуудынхаас даруй хэд дахин өндөр байгаа юм. Үүний нэг жишээ бол олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байдаг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол үйлчлүүлэгч иргэдийг "шулж" байгаа гэж үздэг байна. Харин шалгалтаар манай улсын зарим арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгаа нь тогтоогджээ. Иймээс шалгалт явуулж банкууд зах зээлд эрүүл өрсөлдөж байгаа эсэх, иргэдийг хохироож байгаа эсэхийг тогтоохоор шийдээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ