
Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 байцаагч ажиллаж байна. Тэд хоол хүнс үйлдвэрлэгчдийн иргэдэд худалдаалж буй хоол хүнсний бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлыг хангасан эсэхэд шалгалт хийж байгаа аж. Түүнчлэн тус байгууллагынхан мал эмнэлгийн лабораторио Төв цэнгэлдэхэд байрлуулаад байгаа юм байна. Ингэснээр хоол, хүнс үйлдвэрлэгчдийн мах махан бүтээгдэхүүнээс дээж авч, 15 минутын дараа шинжилгээний хариуг гарган өгч байна. Энэ нь тухайн байгууллага ямар малын махаар хоол хийж байгааг газар дээр нь шалгаж, хүнсний аюулгүй байдалд хяналт тавиж байгаа аж.
Мөн баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд 60 ширхэг био жорлонг “Саруга Монгол” компаниас авч байрлуулсан бөгөөд үүнээс 45-ыг нь Төв Цэнгэлдэх хүрээлэнд, 15-ыг нь Хүй долоон худагт байрлуулжээ. Эдгээр жорлонгийн ариутгал, цэвэрлэгээний ажлыг сайн хийж байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэж байна.
П.Наран